Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана.
Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөж байна.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хийх хоёр талт уулзалт үргэлжилж байна.
Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ирсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Өнгөрсөн жил Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн бараалхаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдгийг дурдсан юм.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцсан юм.
Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд түлхүү хөгжүүлж, Монгол Улсаас Япон улсад хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон сэдвээр нээлттэй санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж технологи инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэгийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм.
Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.
