Жүдо бөхийн ДАШТ-ий өмнөх прогноз #3

 

2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр жүдо бөхийн ДАШТ -73, -57 кг-ын жингийн аваргаа тодруулна. -57 кг-д олимпиййн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа  аваргаа хамгаалах бол ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Цэнд-Очирын Цогтбаатар нар өрсөлдөнө.

-73 кг:

Энэ жингийн тэргүүн бөх Японы Соичи Хашимото дэлхийн аварга цолоо хамгаалах аянаа “А” хэсгээс эхлүүлнэ. Түүнтэй нэг хэсэгт энэ оны Парисын “Их дуулга” болон Загребийн Гран Пригий аварга Акил Гжакова хувааригдахаар болсон. Харин “В” хэсгийг  манай залуу гавьяат Г.Одбаяр тэргүүлэх бөгөөд эзэн орны залуучуудын дэлхийн аварга Хедаят Хейдаровтой хуваарилагдахаар болсон. Тэдний хэсгийн ялагч С.Хашимотогийн ахалсан “А” хэсгийн ялагчтай хүч үзэх бол “С” хэсгийг олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружов тэргүүлнэ. Түүнтэй нэг хэсэгт БНСУ-ын Ан Чан-Рим бичигдэхээр болсон бол “D” хэсэгт Шведийн Томми Мациас, олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Лаша Шавдатуашвили нар бичигдэхээр боллоо. Энэ жинд манай улс хоёр тамирчнаа илгээсэн бөгөөд гавьяат тамирчин Г.Одбаяр “В” хэсэгт хуваарилагдах нь тодорхой болсон тул ОУХМ Ц.Цогтбаатар “С”,”D” хэсгүүдийн аль нэгт суглаагаар шидэгдэхээр болсон. Мөн энэ жинд Фабио Басиле/”Рио-2016” олимпийн аварга/, Миклош Унгвари /Олимп, дэлхийн медальт/, Дирк ван Тишелт /”Рио-2016” олимпийн хүрэл медальт/ нар дээрх чансаа тэргүүлэгчидтэй хэддүгээр тойрогт ч учраа таарах магадлалтай. Энэ жинд нийт 69 орны 89 жүдоч хүч үзнэ.

-57 кг:

Нийт 46 орны 57 жүдоч хүч үзэх уг жинг дэлхийн аварга Д.Сумъяа тэргүүлэн барилдах бөгөөд “А” хэсэгт Францын Хелена Ресевүтэй хуваарилагдана.  Энэ бөхийг манай жүдоч сүүлийн зургаан удаад дараалан ялаад байгаа байгаа. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлвэл “В” хэсгийн ялагтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой болно. В хэсэгт Германы Тереза Столл, ДАШТ-ий хүрэл медальт Их Британий Некода Смити-Дэвис нар хуваарилагдсан байна. Харин “С” хэсгийг Японы Цүкаса Ёшида, Израилын Тимна Нельсон-Левай нар тэргүүлэн барилдана. Мөн “D” хэсэгт энэ онд гурван түрүү хүртсэн Нора Гжакова /Косово/, 5 дараалан түрүүлээд байгаа  Криста Дегүчи /Канад/ нар багтсан. Эдгээр тамирчдаас гадна энэ жинд медаль хүртэх магадлалтай олимпийн аварга Бразилийн Рафаэла Сильва, Азийн наадмын нээлт БНАСАУ-ын Ким Жин-А, Панамын Мирям Ропер, БНСУ-ын Квон Юү-Жеон, Канадын Жессика Климкаит, ДАШТ-ий гурван мөнгөн медальт Португалийн Тельма Монтейро, Унгарын Эдвиг Каракас, Тайваний Лин Чен-Лин, Францын Присилъя Гнето нарын шилдгүүд бүгд хүч үзнэ.