Жүдо бөхийн ДАШТ-ий өмнөх прогноз #2

“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 10 хоног үлдээд байна. Энэ удаагийн ДАШТ-д 502 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 817 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бөгөөд -66 кгд 83, -48 кг-д 49 тамирчин өрсөлдөнө. Тэднийг хэрхэн суглаа таарах талаар урьдчилсан таамаг дэвшүүлье. Энэ өдөр Японы ах дүүс болох Хифүми Абе, Ута Абе нарын түрүүлэх магадлал хамгийн их гэж тооцогдож байгаа. Сонирхуулахад манай улс жүдо бөхийн ДАШТ-ээс 4 алт, 4 мөнгө, 13 хүрэл нийт 21 медалийг эх орондоо авчраад байна.

-66 кг

Монголын жүдочдоос анхлан дэлхийн аварга төрүүлсэн энэ жинд нийт 83 жүдоч хүч үзэх бөгөөд ШШГЕГ-ын Сүлд спорт хороо “MT” группын тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн эх орноо төлөөлөнө. Тэрбээр өнгөрсөн оны ДАШТ-ээс хойш “Ташкент-2018” Гран Пригээс мөнгө, “World Masters-2018”-аас алт, “Анталья-2018”-аас хүрэл медаль хүртээд байгаа. Г.Хэрлэн дэлхийн чансааны #5 эрэмблэгдэж байгаа бөгөөд “B” хэсэгт Израилын Барух Шмайловтой нэг хэсэгт хуваарилагдах нь тодорхой болсон. Энэ жингийн бөхчүүдийг Израилын өөр нэг жүдоч Таль Фликер /ДАШТ-ий хүрэл медальт/ тэргүүлэн барилдах бөгөөд Бразилийн Даниэль Каргнинтэй хууварилагдана. Энэ хэсгийн ялагч манай Г.Хэрлэнгийн хэсгийн ялагчид хагас шигшээд учраа таарах бол “С” хэсэгт дэлхийн залуу аварга Хэфүми Абе, Украины алдарт жүдоч Георгий Зантараятай хуваарилагдана. Харин өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн залуу од Важа Маргвелашвили , олимпийн мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай “D” хэсэгт өрсөлдөнө. Энэ жинд сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан финалдсан ОХУ-ын Михайл Пульяев дэлхийн чансаа 17 дугаарт бичигдэж байгаа тул суглаагаар шидэгдэх нь тодорхой болсон.

-52 кг

Энэ жинд нийт 49 тамирчин өрсөлдөх бөгөөд Францын Амандине Бушар бүх тамирчдыг тэргүүлэн “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр тэмцээний чансаа #8 АНУ-ын Анжелика Дельгадотой хуваарилагдана. Тэдний хэсгийн ялагч В хэсгийн ялагтай хуваарийн дагуу өрсөлдөх бөгөөд энэ хэсэгт Японы Ута Абе, Бразилийн Жессика Перрера нар өрсөлдөх нь тодорхой болсон. Бүх японы аваргад түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрхээ авсан Хэфүми Абегийн дүү Ута Абе хамгийн сүүлд 2016 онд олон улсын тавцанд ялагдал амссан бөгөөд 2017, 2018 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлээд байгаа. Тэрбээр 2017 оны залуучуудын дэлхийн аварга болж, бага дэлхийн аварга гэгддэг Токио, Парисын Гранд Сламд аваргалаад байгаа. Түүнтэй хамт Японы өөр нэгэн төлөөлөл 2017 оны дэлхийн аварга Ай Шишимэ өрсөлдөх бөгөөд “С” хэсэгт олимп, дэлхийн медальт ОХУ-ын Наталья Кузютинатай учраа таарна. Н.Кузютина өнгөрсөн оны дэлхийн аваргаас хойш гурван тэмцээнд оролцож, бүгдэд нь түрүүлээд байгаа бол А.Шишимэ сүүлийн хоёр тэмцээндээ түрүүлсэн амжилттайгаар Бакуд очно. Мөн “D” хэсгийг Бразилийн Эрика Миранда тэргүүлэн барилдах бөгөөд Бельгийн Чарлин ван Сниктэй тэргүүлэн барилдана.  Харин дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбтэй Косовогийн Дистриа Красники 48 кг-ын жинд барилдахаар мэдүүлгээ өгчээ. Түүний нутаг нэгт домогт Маленда Кельмендигийн нэр Косовогийн шигшээ багт байхгүй байна. Энэ жинд манай улс хоёр залуу тамирчнаа сойж байгаа бөгөөд ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, Ганболдын Ганцэцэг нар эх орноо төлөөлнө. Тэд дэлхийн аваргын хошой мөнгөтэй Румыний Андреа Читу, олимпийн мөнгөн медальт Италийн Одетта Жиуфрида нарын хамт суглаагаар шидэгдэн барилдах болно. Мөн энэ жинд манай ОУХМ Пүрэвсүрэнгийн Буянхишиг Азербайжаны нэрийн өмнөөс барилдахаар бэлтгэлээ базааж байна.