Жүдо бөхийн ДАШТ-ий өмнөх прогноз #1

“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 12 хоног үлдээд байна. Энэ удаагийн ДАШТ-д 502 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 817 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бөгөөд -60 кгд 73, -48 кг-д 44 тамирчин өрсөлдөнө. Тэднийг хэрхэн суглаа таарах талаар урьдчилсан таамаг дэвшүүлье. Эрэгтэй 60 кг-ын жинд жүдогийн эх орон болон манай хойд хөршийнхөн тус бүр хоёр тамирчнаа сойж байна.

-60 кг /58 орны 73 жүдоч/

Монголын жүдочдын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд энэ удаад залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин эх орноо төлөөлөн оролцоно. Тэрбээр дэлхийн чансааны №38-д бичигдэж байгаа бөгөөд топ чансаатай тамирчдын хэнтэй ч эхний тойрогт учраа таарах боломжтой. Энэ жингийн чансааг залуучуудын дэлхийн аварга Японы Рюүжи Нагаяма тэргүүлж байгаа бөгөөд “А” хэсэгт Их Британы Эшли МаКензитэй хуваарилагдах нь тодорхой болсон. Харин “В” хэсэгт дэлхийн хошой аварга Японы Наохиса Такато залуучуудын дэлхийн аварга Испаний Франческо Гарригостой орно. Тэдний хэсгийн ялагч хагас шигшээд Бакуд алтан медаль хүртэх цор ганц зорилготой Рюүжи Нагаяматай учраа таарах тул магадлалтай. Тиймээс бусад орны жүдочид “С”, “D” хэсэгт хуваарилагдахыг хүсэмжилж байгаа нь гарцаагүй. Тэмцээний “С” хэсгийг дэлхийн чансаа №2 ОХУ-ын Роберт Мшвидобазе тэргүүлэх бөгөөд түүнтэй Узбекистан Шарафуддин Лутфиллаев нэг хэсэгт орно. Харин “D” хэсэгт монголчуудын эртний танил Гүржийн Амиран Папинашвили, Казахстаны Гусман Кыргызбаевтай хуваарилагдана. Эдгээр хэсгүүдэд -60 кг-ын топ фаворит олимпийн аварга ОХУ-ын Беслан Мудранов, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Орхан Сафаров нар суглаагаар шидэгдэнэ. Харин олимпийн мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметов гэмтлийн улмаас Бакуд барилдах боломжгүй бол бол Азийн наадмын аварга олимп, дэлхийн мөнгөн медальтай Диёрбек Урозбоевыг Узбекстаны баг дэлхийн аваргын багтаа багтаасангүй.

-48 кг /36 орны 44 жүдоч/

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн жүдочдыг Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг уламжлал ёсоор “А” хэсгийг тэргүүлэн барилдана.Тэрбээр тэмцээний чансааны №8-д эрэмблэгдэж буй олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэг хуваарилагдана. “В” хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Фүна Тонакитэргүүлэн барилдах бөгөөд Сербийн Милика Николичтой хэсгийн аваргын төлөө хүч үзэх магадлалтай. Тэдний хэсгийн ялагч хагас шигшээд манай М.Уранцэцэг аваргатай хүч үзэх магадлал өндөр.  Түүнчлэн С хэсгийг ОХУ-ын  Ирина Дольгова тэргүүлэх бөгөөд Францын Мелани Клемент энэ хэсэгт багтана.  Харин өнгөрсөн оны ДАШТ-ээс хойш ялагдал амсалгүй таван тэмцээнд түрүүлээд байгаа Украины “фото модель” Дария Билодид манай Галбадрахын Отгонцэцэг /Казахстан/-тэй “D” хэсэгт учраа таарна. Энэ хоёр “Будапешт-2017” ДАШТ дээр учраа таарахад Г.Отгонцэцэг өрсөлдөгчөө боолтоор ялаад байсан бол 2018 онд Хааг, Загребд Украин бүсгүй ялалт байгуулаад байгаа. Эдгээр тамирчдаас гадна Бакуд олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето хүч үзэх бол “Жакарта-2018” Азийн наадмын аварга БНСУ-ын Жон Бок-Юүнь, дэлхийн аварга Японы Ами Кондо нар гэртээ үлдэхээр болжээ.