МАН-ын гишүүн Ж.Цолмон хчиээлийн шинэ жил эхлэхийн өмнө АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.Гэвч тэрбээр ажлаа авсан даруйдаа тус сургуулийн хэд хэдэн багшийг албаас халсан гэх таагүй хэл аманд өртсөн. Тэгвэл Ж.Цолмон захирлын тушаалаар ажлаасаа халагдсан гэх тус сургуулийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг нэр төрөө сэргээлгэхээр өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хандлаа.
Тэрбээр “БСШУС-ын сайдын тушаалаар Ж.Цолмон гэх түр орлон гүйцэтгэгч томилогдсон. Томилогдсоны дараа намайг болон Г.Батбаатар захирлыг 385 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, тендерт өрсөлдсөн компанитай үгсэн хуйвалдаж давуу байдалд үүсгэсэн гэх мэдээллийг олон нийтэд цацсан. Үнэндээ тийм зүйл байхгүй. Ииймээс энэ асуудлыг шалгаж өгнө үү хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Авлигатай тэмцэх газарт хандлаа. Өнөөдрийн байдлаар манай сургуулиас 15 хүн ажлаасаа халагдсан. Халагдсан шалтгааныг Ж.Цолмон захирал өөрийн багаа бүрдүүлнэ хэмээн тайлбарлаж байгаа. Өчигдөр л гэхэд манай сургуулийн хоёр багшийг өрөөндөө дуудаад ажлаас чөлөөлнө гэж хэлсэн байна" гэсэн юм.
Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийнхэн Ерөнхийлөгчид хандсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд АШУҮИС-ийн захирлын томилгоог есдүгээр сард багтаан хуулийн дагуу явуулах мэдэгдлийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн юм.
