МАН-ыг бужигнуулах “махны машин” тун удахгүй ажиллаж эхлэх үү

МАН-ынхны эсрэг ажиллах “махны машин” бэлэн болсон бололтой. Иймдээ ч Төрийн ордон хийгээд хүчний байгууллагаас ирж буй мэдээллээр намрын чуулган нээлтэй хийхтэй зэрэгцээд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг дэд дарга болон Тамгын газрын даргатай нь огцоруулахаар болсон гэх.  

Ингэхдээ Х.Энхжаргалын АТГ-ын даргаар ажиллах хугацаа дуусах болоогүй гэсэн хууль зүйн үндэслэлийг авч хэлэлцэхгүй харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гэх нэгдсэн тохиролцоон дээр дээрх үйл явдал өрнөх нь бололтой. Юутай ч бидэнд ирсэн мэдээллээр Х.Энхжаргал даргын оронд ЦЕГ-ын экс дарга, “сахал” хочит Б.Билэгт очих нь тодорхой болжээ. Түүний хувьд ардчилсан хувьсгалын партизануудын нэг гэдэг утгаараа төрийн тэргүүнтэй тун ойр. Ер нь л АН-ыг засгийн эрх барьж байх үед томоохон албан тушаалд очдог. Намынхныхаа буянаар РТХЭГ-ын дарга, дараа нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан түүх намтарт нь бий. Хамгийн сүүлд буюу 2012 онд гэхэд тэрбээр ЦЕГ-ын даргаар томилогдсон. Гэвч түүний дараахан тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин “Би Б.Билэгтийг томилсондоо алдсан байж магадгүй” гэсэн харамслын үгээ хэвлэлээр дайж байсан юм. Тэгвэл тэрбээр энэ удаад АТГ-ыг толгойлох нь тодорхой болсон гэх мэдээлэл ирж байна. Харин энэ байгууллагын дэд даргаар ажиллах эрхэм нь ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр гэнэ. Хэрэв уншигчид санаж байвал мань эрхэм хуулийнхандаа тийм ч сайн нэргүй. Учир нь тэрбээр Х.Тэмүүжинг Хууль зүйн яамыг толгойлж байхад нь сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан, хүүхэн шуухантай холбож дуулиан дэгдээсэн. Улмаар УИХ дээр огцруулах асуудал хүртэл оруулж ирж байсныг салбарынхан нь одоо ч муугийн жишээ болгон ярьдаг юм билээ.

Харин Тамгын газрын даргаар нь очихоор нэр дуулдаж буй хүнийг Ч.Батбаяр гэдэг юм байна. Түүний хувьд Б.Билэгт, Н.Ууганбаяр нар шиг салбартаа танигдаагүй ч төмөр замынхан бол андахгүй аж. Учир нь тэрбээр УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатартай тун дотно бөгөөд түүнийг энэ салбарыг толгойлж байх үед тус нийгэмлэгт томоохон албан хашиж байсан гэх юм билээ. Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын даргыг тодруулах санал асуулга явуулж байсан нь ердөө шоу байсан бололтой. Нөгөө талаар энэ үйл явдлаас АТГ аль ч намыг, хэнийг ч төрийн эрх барьж байх үед өөрсдийгөө хамгаалах, дархлах амин сүнс болсон газар гэдэг нь анзаарагдаж байна.

Төрийн тэргүүний хувьд энэ суудалд суухаасаа эхлээд МАН-ын 60 тэрбумын сүлжээтэй тэмцэнэ гэдгээ хэлсэн. Тэгвэл тэрбээр энэ амандаа хүрэхийн тулд АТГ-ын удирдлагуудыг яаралтай солихоор МАН-ын даргатай тохиролцоо хийсэн бололтой. Гэхдээ нөгөө талаар энэ үйл явдал ойрын үед өрнөж, биеллээ олбол улс төрийн ууган хүчин гэх МАН хамгийн их хохирох нь тодорхой. Учир нь АТГ-ыг Б.Билэгт толгойлоод эхэлбэл тэрбээр “махны машин”-аа ажиллуулж, МАН-ын хэнийг ч хайр найргүй "намнана". Харамсалтай нь энэ эргээд У.Хүрэлсүхийн хүлээсэн үр дүнг биш харин МАН-ын нэр хүндэд цаашлаад удахгүй болох 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлж, олон нийтийн саналыг АН эсвэл улс төрийн гуравдахь хүчин рүү эргүүлж мэдэх юм. Уг нь хашир туршлагатай улстөрч У.Хүрэлсүх үүнийг хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч тэрбээр энэ бүхнийг үл тоон АТГ-ын даргын асуудал дээр Ерөнхийлөгчтэй гар барьсан нь нөгөө талаараа түүнд МАН гэх намын үүх түүх, нэр хүнд, үнэ цэнэ чухал бус харин хэдхэн сар суух Ерөнхий сайдын суудал юу юунаас ч илүү үнэт зүйл байв уу гэж харагдахаар байгаа юм.