Сайдын өгсөн үүрэг шоу төдий юм уу, Я.Төмөрбаатар захирал аа

Сургалтын төлбөр нэмсэнийг эсэргүүцэн лоозон барин жагссан оюутнуудынхаа өмнөөс багш нь дунд хуруугаа гаргав. Ингэхдээ би ингэх л ёстой гэсэн шиг “Та нар нарийн учрыг мэдэхгүй байж. Даварсан юмнуудыг зайлуулаач” хэмээн зандарч, улмаар түмний хүүхдийг малаар нь дуудлаа.

 Энэ эрхэм бол Монголын урдаа барьдаг их сургууль болох МУИС-ийн Социологи нийгмийн тэнхимийн багш, профессор О.Мөнхбат. МУИС-д чамгүй олон жил ажилласан. Багшаас эхлээд дэд захирлын албыг хүртэл хашиж байсан гэвэл тэрбээр яах аргагүй өнөө цагийн сэхээтэн. Гэвч сэхээтэн хүнд баймгүй үйлдэл гаргаж түмний хүүхдийг доромжлов.

Уг нь нийгмийн уур бухимдлыг хүргэсэн энэ үйл явдлын дараахан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатартай уулзсан. Ингэхдээ ёс зүйгүй үйлдэл гаргасан багшид хариуцлага тооцох үүрэг өгсөн. Мөн энэ тухайгаа “Хуулийн дагуу БСШУС-ын сайд нь аль нэг сургуулийн багшид шууд хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй. Тиймээс захиралд нь ийнхүү үүрэг өглөө” хэмээн тайлбарласнаар дуулианыг бага ч гэсэн намжаасан. Харамсалтай нь, энэ үйл явдлаас хойш багагүй хугацаа өнгөрчихөөд байхад МУИС-ийн захирал дунд хуруу гаргасан багшдаа ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Эсвэл авсан арга хэмжээгээ олноос нуугаад байгаа юм уу, үгүй бол өөр шалтгаан байв уу, ямартай ч өнөөдрийг хүртэл таг чиг байсаар л байна.

Юутай ч түмний үрсийг элдэв үгээр доромжилдог О.Мөнхбат гэх эрхмийн хувьд сургуульдаа нөлөөтэй нэгэн. Тодруулбал, тэрбээр МУИС-ийн ээлжит захирлаар А.Галтбаярыг ажиллаж байх үед дэд захирлын албыг хашиж байсан. Ингэхдээ хэд хэдэн багштай хамтран оюутнуудын дүн зассан гэх таагүй хэл аманд өртөж байв.

Энэ тухай МУИС-ийн багш нар одоо ч ярьдаг бөгөөд “МУИС-ийн захирал асан А.Галтбаяр, дэд захирал О.Мөнхбат, сургалтын нэгдсэн албаны эрхлэгч Ч.Ундрам нар оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн нь шалгалтаар хүртэл тогтоогдсон. Тэд 12 оюутныг  МУИС-д шилжүүлэхдээ мөн Б.У,  Г.Н,  О.Г,  Э.М нарын дөрвөн оюутныг төгсгөхийн тулд манай сургуулийн бүх дүрэм журмыг зөрчиж дүнг нь зассан байдаг.

Хамгийн ноцтой нь энэ мэтчилэн 2014 онд 41, 2015 онд 54, 2017 онд дөрвөн дүнг ажлын бус цагаар зассан баримт бий” хэмээж байв. Мөн энэ хууль бус үйлдэл ил болсон даруйд багш нар эсэргүүцэн АТГ-т хандсанаас гадна тэдэнд хариуцлага тооцохыг захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатараас шаардаж байжээ. Гэвч тэрбээр тоолгүй орхисон төдийгүй  хичээлийн шинэ жил эхлэлтэй зэрэгцэн МУИС-ийн Удирдах зөвлөлөөр сургуулийнхаа шинэ бүтцийг батлуулж, өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг томилж эхэлжээ. Ингэхдээ менежментийн тэнхимийн багшаас МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны эрхлэгч, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал болтлоо дэвшсэн Ч.Ундрамыг шинэхэн бүтцээр Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал болгон дэвшүүлсэн нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.  Учир нь Я.Төмөрбаатарын итгэлт хүн болоод байгаа Ч.Ундрам нь О.Мөнхбатыг дэд захирал байх үед хамтдаа дүн засч эрхэм. Иймээс л Я.Төмөрбаатар оюутнууд руугаа дунд хуруу гарган, мал хэмээн доромжилсон О.Мөнхбатад хариуцлага тооцож чадах эсэх нь эргэлзээтэй. 

Нөгөө талаас энэ үйл явдлаас Монголын боловсролын салбар ямар сул дорой болсныг, төрийн сайдын өгсөн үүрэг даалгавар зүгээр л дуулиан шуугианыг намжаах төдий үйлчилдэг болохыг батлан харуулж байна. Бас энэ бүхнээс сургамж авч, Монголын боловсролын салбарыг тэр дундаа их дээд сургуулийн захирлуудыг улс төрийн нөлөөнөөс салгаж, мэргэжлийн хүн томилохгүй улс төрийн томилгоогоор очсон утсан хүүхэлдэй нь захиргаа, сургалтын албандаа өөрийн хүнийг томилдог. Тэдгээр хүмүүс нь сургуулийн дүрэм журам хуулиас давсан шийдвэр гаргаж хамт олноо бужигнуулдаг муу жишиг тогтох нь, яг МУИС шиг.