Хотын дарга Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө

Хотын дарга С.Батболд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэрээ тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшихээр болсоноо албан ёсоор зарлалаа. Тэрбээр одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс энэ оны 3,4 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн намын хороодын хурлыг хуралдуулах тогтоол гаргасан. Тэр дагуу Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнгөрсөн сарын 23-нд хуралдаж, Бага хурлын товоо тогтоосон. Ингэхдээ Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлыг энэ сарын 21-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар санал нэгдсэн. Энэ хурлаар тус намын  хорооны  болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал мөн Нийслэлийн МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм.