Технологийн дэвшлийг онцолсон “Coal Mongolia-2018” эхэллээ

Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах зорилготой “Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Улаанбаатар хотноо эхэллээ.

Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад Засгийн газрын гишүүд, яам агентлагийн төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн болон худалдаа, тээвэр ложистикийн компаниуд, оператор компаниуд, хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид зэрэг 15 орны 600 орчим төлөөлөгч оролцож байна.

“Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой чуулга уулзалтын эхний өдөр Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум болж, нүүрсний салбарын тулгамдаж буй асуудал болон боломжийн талаар ярилцлаа.

Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр, Хятадын нүүрс тээвэр, түгээлтийн холбооны ерөнхийлөгч Ян Сианфенг, “Фэнвэй Энержи Информэйшн Сервисез” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Сара Лиу, Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төвийн ахлах шинжээч Пралаб Бхаргава, “S&P Global Platts” компанийн Жьюлиэн Халл, Хятадын металлургийн салбарын судалгаа хөгжлийн институтийн ерөнхийлөгч Ли Шин Чуан нар оролцлоо.

Эх сурвалж Эрдэнэс Монгол: Б.Даваатогтох