Жүдочид амжилтаараа тавдугаарт эрэмблэгдлээ

Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид "Жакарта, Палембанг-2018" Азийн 18 дугаар наадмын хувийн жингийн ангилалд 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа тавдугаарт эрэмблэгдлээ. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаараа хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ОУХМ О.Ууганбаатар, Ц.Наранжаргал нар мөн хүрэл медаль хүртсэн. Харин өнөөдөр хүнд жингийн барилдаанууд болж, ОУХМ Ө.Дүүрэнбаяр /+100кг/, ОУХМ Г.Алтанбагана /-90 кг/ нар мөнгөн медаль хүртлээ.

Залуучуудын дэлхийн аварга Өлзийбаярын Дүүрэнбаяр жиндээ эхний тойрогтоо гоц мөргөөд хэсгийн аваргын төлөө Тажикстаны Шахармамад Мирмамадовыг вазари үнэлгээгээр буулгаж авсан. Улмаар хагас шигшээд Ираны Жавад Махжоубыг барилдааны цаг дуусахаас гурван секундын өмнө иппон буулгажээ. Гэвч аваргын төлөө манай бөх БНСУ-ын Ким Сун-Минд вазари үнэлгээгээр ялагдснаар Азийн наадмаас хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ.

Харин -90 кг-д зодоглосон Армийн дэлхийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Афганистаны Исмайл Какарыг 1:00 минутад цэвэр саваад хэсгийн аваргын төлөө Узбекистаны Шахзодбек Сабировыг нэмэлт цагт “иппон” буулгасан байна. Улмаар хагас шигшээд Азийн аварга Комроншох Устопириёныг 3:45 минутад цэвэр ялжээ. Барилдааны эхэнд манай бөх учраагаа вазари үнэлгээгээр унагасан ч хариу үнэлгээ алдаад байв. Гэвч Барилдааны төгсгөлд өрсөлдөгчөө хөмрөх мэхээр цэвэр ялснаар аваргын төлөө шалгаран үлдсэн. Харамсалтай нь тэрбээр финалд олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт БНСУ-ын Гвак Дон-Ханд ялагдснаар тивийн наадмаас анхны медалиа гардлаа.

Мөн энэ өдөр -100 кг-ын жинд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойроготоо гоц мөргөөд хоёрын даваандаа Тайландын Вэй Пуяныг 3:23 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Шерали Жураевыг 3:17 минутад цэвэр ялжээ. Гэвч хагас шигшээд Японы Кентаро Иидад торгуулиар ялагдсан бол хүрэл медалийн төлөө Тажикстаны Сайдзалол Сайдовыг 2:53 минутад тонгорох мэхээр цэвэр ялж, Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо.

Ингэснээр манай улс жүдо бөхийн хувийн жингийн барилдаанд 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаараа тавдугаарт эрэмблэгдсэн бол Япон улс 8 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүллээ. Маргааш буюу 9 сарын 1-нд жүдо бөхийн тэмцээн багийн төрлөөр аваргаа тодруулна.