М.Уранцэцэг жүдочдын медалийн салхийг хагаллаа

"Жакарта-Палембанг-2018" Азийн зуны спортын 18 дугаар наадмын жүдо бөхийн барилдаан уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэж, манай шигшээ баг нэг хүрэл медаль хүртээд байна. Энэ өдөр ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Тайваний бөхийг эхний тойрогтоо цэвэр ялаад хагас шигшээд БНСУ-ын Жон Бо-Кюүньд ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Жон Вү-Сүнг ялснаар хүрэл медаль хүртсэн. Түүнтэй хамт энэ жинд Казахстаны нэрийн өмнөөс өрсөлдөж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-д ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр нар медалийн төлөөх өрсөлдөөнд оролцож чадсангүй. Түүнчлэн 52 кг-д улсын аварга Ганболдын Ганцэцэг өрсөлдөж Хонгконг, Туркменистаны бөхчүүдийг ялж хагас шигшээд үлдээд БНСУ, Тайландын жүдочдод дараалан ялагдснаар харамсалтайгаар медалиас мултарлаа. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 73 кг-ын жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, 81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар, эмэгтэй 57 кг-д МУ-ын хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа, 63 кг-д ОУХМ Болдын Ганхайч, 70 кг-д ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал нар өрсөлдөнө.