"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор явсан. Гэвч тэрбээр эргэж ирээгүй тул 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа юм. Улмаар мөрдөн шалгах багийнхан түүнийг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч "Шувуу" ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед дахин зугтжээ. 

Тэгвэл тэрбээр тус улсын хилээр гараад явсан бөгөөд гадаад руу зугтсан хүмүүсийн пасспортыг хүчингүй болгож, данснуудыг "царцаах" арга хэмжээг "Шувуу" ажиллагааны хүрээнд авсан арга хэмжээнээс болж илчлэгджээ. Тодруулбал, тэрбээр хамт яваа найзынхаа ээжийн нэр дээрх банкны картыг ашиглаж байсан ба тухайн данс руу нэр бүхий хүмүүс мөнгө шилжүүлдэг байсан аж.  Тэгвэл Н.Удаанжаргал өчигдөр Тайландаас машинаар Малайзад очсон бөгөөд "Шувуу" ажиллагааныхан өнөөдрөөс түүнийг шилжүүлэн авахаар Малайзын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай "ярилцаж" эхлэх бололтой. Мөн тэрбээр хамгийн сүүлд "...Нүүрсний нээлттэй сонсголд цахимаар оролцъё" гэдэг саналаа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболдод тавиад байсан юм.