Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна хэмээн өргөдөл гаргасан. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авах эсэхийг шийдэх юм.
Хуралдаанд гомдол гаргасан иргэд болон УИХ-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцсон. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу тухайн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч ажлаа өгсөн байх ёстой гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн нөхөн сонгуульд нэр дэвшигчид 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх шаардлагатай болж байгаа юм. Нэгэнт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаар дээрх шийдвэрийг гаргасан тул нөхөн сонгууль хойшилж, ирэх онд товлогдох магадлалтай боллоо.
