ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТҮҮХЭНДЭХ ХАМГИЙН ЗАЛУУ АХЛАГЧИЙН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016 онд Гуам улсад болсон Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Тайваны шигшээ багийн эсрэг багийн ахлагчаар талбайд гарч Үндэсний шигшээ багийн хамгийн залуу ахлагчаар нэрлэгдэж байсан Г.Төгөлдөр Катар улсад хагалгаа хийлгээд эх орондоо ирлээ.

Катар Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ оны 2-р сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд биелэлээ олсон анхны томоохон ажил болгон МХБХ хамгаалагч Галтын Төгөлдөрийг Дэлхийн спортын шилдэг эмнэлэгүүдийн жагсаалтын эхний 4-т багтдаг Катар улсын "Aspire" эмнэлэгт эмчлүүлэн хагалгаанд оруулсан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзаж, биеийн байдалтай нь танилцлаа. Ерөнхийлөгч А.Ганбаатар түүнийг бэртлээ сэдрээлгүй гам сайн барихыг даалгаад, тун удахгүй шигшээ багт дахин харна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Германы Байерн Мюнхен, Францын Пари-Сен Жермейн тэргүүтэй дэлхийн шилдэг багуудтай хамтран ажиллаж, Шави, Неймар, Роберт Левандовски зэрэг топ тоглогчид эмчлүүлдэг томоохон эмнэлэгт хагалгаанд орох боломж олгосон Монголын Хөлбөмбөгийн Холбоонд Г.Төгөлдөр талархал илэрхийлээд, ерөнхийлөгчөөс энэ талархалыг Катарын Хөлбөмбөгийн Холбоонд ч дамжуулахыг хүссэн юм.

Мөн түүнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайс хүлээн авч уулзаж, нөхөн сэргээх эмчилгээгээ сайн хийлгэж, шигшээ багтаа эргэн ирэх өдрийг хүлээж байгаа гэдгээ хэлсэн юм.

 

Катар Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо цаашид ч олон тал дээр хамтран ажиллахаар гэрээнд тусгагдсан юм. Тус хамтын ажиллагаа цаашид шүүгч солилцоо болон Үндэсний шигшээ багийн ирэх оны 2 сард Катар улсад хийх нэгдсэн бэлтгэл зэрэг ажлуудаар үргэлжлэх болно.