П.ОРХОН АВАРГАЛЖ, Э.СУМЪЯА, А.БАТЦЭЦЭГ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий болон Монгол Улсын хошой аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдаад байсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялж, тивийн наадмаас анхны медалиа гардсан.

Түүнчлэн Азийн наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ болон Азийн АШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хошой хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль хүртсэн. А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Уныг 5:2-оор ялж шагналын тавцанд зогссон юм.

Мөн энэ өдөр “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэй хоёр дахь тамирчин болсон байна. Энэ амжилтад замдаа П.Орхон шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр яллаа.