П.ОРХОН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри” тэмцээний гурван удаагийн аварга Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэрбээр тэмцээний 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг цэвэр дарсан бол дөнгөж сая хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг яллаа. Энэ удаад манай бөх 2:0-ээр ялагдаж яваад тоог тэнцүүлсэн бөгөөд өрсөлдөгчийнхөө алдааг цэвэр дарснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Түүнчлэн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны тамирчин Эрдэнэчимэгийн Сумъяа, 57 кг-д 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэг Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана.