2016 оны дэлгэр цагт Саарал ордонд ямбатайхан заларснаас хойш сураг алдраад байсан манай улстөрчид хөдөлгөөнд ороод эхэлжээ. Үүний нотолгоо болгон орон нутаг хийгээд сонгогдсон дүүрэгт байх бие төлөөлөгчид нь эрхэм гишүүнийхээ тойрогтоо хийсэн уулзалт болоод өгсөн бэлэг сэлтийнх нь талаархи мэдээллийг бусдаасаа өрсөн ард түмэнд түгээх гэж хэрэндээ л хичээж байна. Юутай ч зарим мэдээллийг харахад гишүүд маань завгүй их ажлынхаа зав сиймхийг харж байгаад нутаг орондоо түр саатаж, сонгогч олонтойгоо уулзсан гэнэ. Ингэхдээ самбаатай нэг нь алс зайдуу багийн төв дээрээ бяцхан наадам зохион байгуулахын хажуугаар хотын ховор дуучдыг урин залж нутгийн олонтойгоо нүүр учруулан огшоосон бол нөгөө хэсэг нь нэр ус, зураг хөргөө сийлсэн шанага, данхаар нүүрээ тахлаад хотоо барааджээ. Тэр ч бүү хэл зарим нь хурал цуглаанд ирсэн хүмүүсээ уйдаахгүй гэсэндээ супер сугалаа гээчийг зохион байгуулж, аз нь шовойсон сонгогчиддоо хивс, орос бакаль, хувин сав зэргийг харамгүй өгч аз одыг нь мялаасан аж.
.jpg)
Үнэндээ сонгууль дөхөхөөр, эсвэл сонгуулийн үеэр манай улстөрчид сонгогчидоо цай, давс, шанага түмпэн тараагаад хачин өгөөмөр, дээр нь ааш зан нь ч аятайхан болоод ирдэг. Бас барагтай юманд дуугараад байдаггүй ах намын лидерүүд нь айлын жаахан маамууг балчир гэж гололгүй хамтдаа машин унаж, аав ээжийнх нь сэтгэлийн утсыг хөнддөг. Тэр ч бүү хэл сонгуулийн цикл ойртохоор хашаа хороог нь цэвэрлэх, гэр орныг нь эргэж тойронгоо тавгийн идээ, архи сархад сар шинийн идээ ундааны дутуу зүйлийг бэлдэн өрсөлддөг. Харин сүүлийн үед нэгэн шинэ хэв маяг улс төрд нэвтрээд буй нь өөрийнхөө жаазтай зургийг бэлэг болгон барих явдал. Мөн бэлтэй зарим нь мөнгөөр зодож Даншиг наадам хийж байна. Бас дүн өвлийн хүйтэнтэй зэрэгцээд Улаанбаатараас сонгогдсон гишүүд гэр хорооллын айлуудыг тайван суулгахаа больж, нүүрс түлээг нь зөөнө. Бүр зарим нь өдөржин хүний хөлд дарагддаг худаг бараадан, бие төлөөлөгчөөрөө хөлдсөн мөсийг нь цэвэрлүүлэхийн хажуугаар өөрсдөө хүүхдүүдийг нь саатуулна шүү дээ. Тэгээд бас болоогүй. Уулзалтад ирсэн хүмүүстээ нэгж тараана.
Ямартай л энэ энэ бүх хошин үйл явдлыг цахим ертөнцийнхөн зүгээр өнгөрөөсөнгүй. “Батаагаараа нэг ус авчраад цай чана. Түүнийгээ Тэмүүлэнгээр хэд сайхан самраад Билэгтэд хийгээд тавьчих...” хэмээн хошигносон байсан. Үнэндээ бол эрхэм улстөрчдийн өөрийн зургийг уран нарийн аргаар товойлгон сийлсэн данх, бидон, шанага, хувин тараах ажил нь 2020 оны сонгууль угтсан сурталчилгааных нь дөнгөж эхлэл нь. Удахгүй, хэдхэн сарын дараа 2019 он гарна. Сонгуулийн өмнөх буюу 2020 оны өмнөх жил гэдэг утгаараа улстөрчдийн маань чих зөөлөрч, хүний хайлан болно доо. Сонгууль ойртох их гоё оо.

