О.ҮЙТҮМЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

86 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр ялаад байсан бол шөвгийн наймд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор яллаа. Харамсалтай нь манай бөх хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданитай хүч үзэж 12:2-оор дийлдсэн. Гэвч тэрбээр Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялснаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр өнөөдөр хүч үзсэн манай чөлөөт бөхийн эрэгтэй 5 тамирчин 1 алт, 1 хүрэл медаль хүртээд байна. Маргааш чөлөөт бөхийн 125 кг-ын жинд монголын багийн тугч Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Г.Нарангэрэл, 53 Э.Сумъяа, 57 А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.