Э.БЭХБАЯР ЧӨЛӨӨТИЙН ТӨРӨЛД АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ АВАРГА БОЛЛОО

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ (UWW)-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ий 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медалиар хагалж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин болж байна. Түүнчлэн Э.Бэхбаяр Азийн наадам болон Азийн аварга болсон чөлөөт бөхийн зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар гээд Монголын чөлөөт бөхийн үе үе шилдгүүд дээрх хоёр тэмцээнд түрүүлж байв.
Түүний хувьд Индонезийн нийслэлд тэгшитгэлд Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, 1/8 шигшээд БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Азийн АШТ болон Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт Ираны Реза Атри, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын 20 настай Кан Кум Сон нарыг тус бүр 8:2-оор яллаа.
Э.Бэхбаярын анхны багш, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, олон улсын шүүгч Лувсан-Ишийн Болормаа нарт МЧБХ-ны нэрийн өмнөөс баяр халуун баяр хүргэе.

Спортын сэтгүүлч Б.Бат /МЧБХ-ны хэвлэлийн төлөөлөгч/