Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0,5 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос дөнгөж сая өнгөрсөн долдугаар сарын нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл хийлээ. Албаныхны өгсөн статистик мэдээллээр манай улсад ажилгүйдлийн төвшин тогтмол буурч байгаа ажээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар дахин буурчээ. Түүнчлэн энэ үеэр өрхийн сарын дундаж мөнгө орлогын талаархи судалгааг мэдээлсэн. Албаныхны өгсөн мэдээллээр энэ удаагийн судалгаагаар өрхийн орлого 56 мянган төгрөгөөр өссөн гэсэн дүн гарчээ. Одоогоор нэг өрхийн дундаж орлогыг 1,1 сая төгрөг гэж тооцож байна. Үүнд цалин хөлс 46 мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28,5 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж албаныхан онцоллоо.

Өрхүүдийн мөнгөн орлого, зарлагыг 2018 оны хоёрдугаар улиралын байдлаар  тоймлон хүргэхэд:

300 мянган төгрөгөөс доош орлоготой 82,8 мянган өрх

300-500 мянган төгрөгийн орлоготой 132,9 мянган өрх

500-900 мянган төгрөгийн  орлоготой 255,7 мянган өрх

2,1 сая төгрөгөөс дээш орлоготой 73 мянган өрх байна.

Мөн энэ оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, шимтгэлийг 2018 онд 1,0 хувиар нэмэх, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөх аж. Энэ тухай тодруулахад 2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх юм байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлт сар бүр нэмэгдсэн дүнтэй гарч байна. Тухайлбал, долдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулах 132,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ орлогоо дагаад зарлага ч өссөн дүнтэй байгаа юм. Зарлага нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өссөн нь нөлөөлжээ.

Тус газрын өгсөн мэдээллээс өөр нэг анхаарал татсан мэдээлэл нь ДНБ энэ оны эхний хагас жилд 15,2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2,1 их наяд төгрөгөөр өссөн гэсэн дүн мэдээ байв.

Төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 291,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Сануулахад өнгөрсөн оны эхний долоон сарын үзүүлэлт 589,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан юм. Мөн Монгол Улс 2018 оны эхний долоон сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспортын хэмжээ 4,1 тэрбум ам.доллар болж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1,5 тэрбум ам.доллараар өссөн байна.

Түүнчлэн өөр нэг мэдээлэл анхаарал татсан нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас дахиад л 0,5 хувиар өссөн дүн. Өнгөрсөн сард танилцуулсан статистик судалгаагаар мөн л 0,5 хувиар өссөн дүнтэй гарч байсан юм. Үнэ ханш буурахгүй байгаа шалтгаан нь төмс хүнсний ногоо,  сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнээс хамаарч байгаа аж.