МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Удирдах зөвлөл нийт 29 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 18 нь оролцсон байна. Хурлын дараа ямар асуудал хэлэлцсэн тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын хорооны дарга Д.Батбаатар нар мэдээлэл хийсэн. Хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
-МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн. Нэгт, намаас сонгогдсон, томилогдсон төрийн албан хаагчийн дэг журмыг чангатгах тухай намын Хяналтын хорооноос ирүүлсэн тогтоолыг хэлэлцэж дэмжжээ. “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах” тогтоол нь намын нийт гишүүд сахилга хариуцлагатай байх, ажлын байран дээр архидан согтуурахтай тэмцэх тухай тусгасан. Ингээд дээрх тогтоолыг Удирдах зөвлөл дэмжиж, МАН-ын дарга У.Хүрэлсүх баталсан.
Хоёрдугаарт, Зам тээврийн хөгжлийн дэд сайдад томилох асуудлыг хэлэлцсэн. Дэд сайдад нэр бүхий долоон хүн нэрээ дэвшүүлсэн. Эдгээрээс УБТЗ-ын орлогч дарга Лувсан овогтой Халтарыг Удирдах зөвлөл дэмжсэн гэсэн юм. Л.Халтарын тухайд 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд түүний товч намтарыг хүргэж байна.
Л.Халтар нь 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер
1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал
1983-1985 онд УБТЗ-ын ачигч
1990-1992 онд УБТЗ-ын техникумд инженер багшаар ажилласан
1992-1993 УБТЗ-ын Ачиж буулгах ангийн орлогч дарга
1993-2006 УБТЗ-ын Олон улсын тээвэр жуулчлалын төвийн захирал,
2006-2015 УБТЗ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2015-2017 онд УБТЗ-ын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2017 оноос одоог хүртэл УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа боловсон хүчнээ ЗТХ Дэд сайдаар нэр дэвшүүлж байна
Энэхүү мэдээллийн дараа МАН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төмөр замын томоохон осол гарч байхад төмөр замын удирдлагуудад хариуцлага тооцох биш, дэвшүүлж байна гэх шүүмжлэлд ямар хариулт өгөх вэ?
-Л.Халтар УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа. Саяхан байгалийн гамшгаас үүдсэн ослын дараах сэргээн босголтын ажлыг гардаж ажиллаж, нөхөн сэргээх ажлыг хурдан шуурхай зохион байгуулсан. Ингээд салбартаа 25 жил тасралтгүй ажилласан туршлагатай учраас түүнийг дэмжиж байгаа юм.
-МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдрийн хурлаар хэлэлцсэн үү?
-Намын Хяналтын хорооноос Удирдах зөвлөлд хандсан хоёр тогтоол ирсэн байгаа. Энэ тогтоолуудыг удаа дараагийн хурлаар хэлэлцээд явна. Асуудлыг шийдсэн тухайн үед мэдээлэл хийе гэж бодож байна.
-Зам, тээврийн хөгжлийн сайд “дан дээл”-тэй байх уу?
-Сайдын асуудал УИХ-ын чуулгантай уялдуулж намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэгдээд явна гэсэн юм
