МУИС хамгийн их буюу 69.6 хувиар сургалтын төлбөрөө нэмжээ

“Ардчилсан оюутны холбоо”-ныхон өнөөдрөөс эхлэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулийн удирдлагуудад үндсэн зургаан асуулга бүхий албан шаардлага хүргүүлжээ. Шаардлагынхаа хариуг долоо хоногийн дотор авах бөгөөд энэ сарын 22-нд тус холбооноос дахин хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Тус холбоонынхны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байгаа ажээ. Гэвч жил ирэх бүр сургалтын төлбөр нь үндэслэлгүйгээр нэмэгдэж, эцэг, эхчүүд төдийгүй оюутан залууст дарамт учруулж байгаа юм. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС 11.900-19.200 төгрөгөөр, ШУТИС 12.000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмэгсэн байна. Мөн 2014-2017 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмсэн байдлыг судлахад МУИС хамгийн их буюу 69.6 хувиар төлбөрөө нэмжээ. Түүнчлэн ХААИС 19.5 хувь, АШУҮИС 14.5 хувь, БХИС 80.6 хувь, СУИС 45.8 хувь, МУБИС 50.1 хувиар сургалтын төлбөрөө нэмсэн аж. Ингэснээр их дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая болоод байгаа аж.  Үүний зэрэгцээ жил бүр 15 мянган оюутан дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг төдийгүй сургалтын төлбөрийг дагаж үнэ нь нэмэгддэг байна. Мөн жил бүр их, дээд сургуулийн нэгдүгээр курст элсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулдаг бөгөөд үнэ, тарифын тогтсон стандартгүй байгааг ч сануулж байлаа.