Н.ТҮВШИНБАЯР: ХҮН ЗОРИЛГОТОЙ БАЙХ ИХ ГОЁ

2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Чингис хаан одонт Найдангийн Түвшинбаяр олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Иймээс эл түүхт өдөр олимпийн аваргатайгаа уншигч түмнээ уулзуулж байна. Бидний ярилцлага олимпийн анхны алтан медалийг хүртэж байсан үеийн алтан дурсамж хийгээд сүүлийн үед хийхээр төлөвлөж буй ажлын талаар өрнөсөн юм.

 -Юуны өмнө танд Монголын ард түмний өмнөөс баярлаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Яг өнөөдрөөс арван жилийн өмнө, Бээжингийн олимпоос та Монгол Улсын анхны алтан медалийг хүртэж, Монголын ард түмнийг баярлуулсан. Энэ түүхт үйл явдлын 10 жилийн ойн өдөр энэ цаг мөчид тохиож байна. Арван жил гэдэг чамгүй хугацаа. Та анхныхаа олимпод 24 настайдаа орж аварга болж байсан бол өнөөдөр залуу үедээ үлгэр дуурайлал болсон хашир туршлагатай, дэлхийн хэмжээний тамирчин болсон байна. Ер нь арван жилийн өмнө болсон баярт үйл явдлыг эргэн харахад юу хэлэх вэ?

-Баярлалаа. Яривал их олон зүйл байна аа. Олимпийн аварга болоод арван жил болсон байна. Энэ хугацаанд олон зүйл сурч бас мэдсэн байна. Мэдээж энэ олон зүйлийг сурч мэдэхэд спорт маань нөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд спортоо хаяагүй нь энэ ертөнцийн олон зүйлийг сурч, мэдэх гол түлхүүр болсон. Спорт гэдэг агуу. Магадгүй би 2008 онд, олимпийн аварга болсныхоо дараа спортоо орхисон бол өдийд яаж явахаа тааж мэдэшгүй. Одоогоос арван жилийн өмнө би залуу насны ааг омогоо багтааж ядсан, магадгүй зарим талаараа хүмүүжил дутуу, дулимаг байсан байх. Хүн ер нь өдөр болгон сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж бас хүмүүжүүлж байхгүй бол зөв хүн болох хэцүү. Тамирчин хүн өдөр болгон бэлтгэл хийхгүй бол амжилт гаргадаггүйтэй адил та бид зөв хүн болохын тулд өдөр болгон хичээж, зүтгэж байх ёстой юм болов уу гэж боддог. Бас үүнийг л амьдрал гэж хэлээд байгаа юм болов уу гэж ойлгодог. Ерөнхийдөө олимпийн аварга болох босго өндөр. Миний хувьд Бээжингийн олимпийн дараа Лондонгийн бас Риогийн олимпод орсон. Лондонгийн олимпод дахин аварга болчих юмсан гэж их хичээсэн. Тэмцээн болгон өрсөлдөөн дунд өрнөдөг. Нэг жижиг зүйл өөрчлөгдөх төдийд өрсөлдөгчдөө ялагддаг. Үүнийг би юутай холбож ярих гээд байна вэ гэвэл олимпийн аварга болно гэдэг ганц хувь хүнээс шалтгаалдаггүй юм. Эргэн тойронд минь хүрээлж байдаг найз нөхөд, баг хамт олон мөн эцэг эх өвөг, дээдсийн дээд удмаас зөв явж ирсэн энэ их буяны хүрээнд бий болдог гэж боддог. Өнөөдөр хүмүүс үйлийн үр гээд ярьдаг. Би олимпийн аварга болохдоо аав болоогүй байсан. Удалгүй аав болсон. Аав болохоор хүн их өөрчлөгдөж, амьдралыг өөрөөр харж эхэлдэг юм билээ. Би өөрөө айлын бага хүүхэд учраас аав ээж, ах эгч нартаа эрхэлж өссөн. Дүүгүй байсан учраас ганцхан би гэсэн хувиа хичээх зантай байсан юм шиг байгаа юм. Гэтэл аав болсон чинь өөрийн эрхгүй цаашид миний үргэлжлэл болох үр хүүхдүүдийнхээ төлөө би юу хийх вэ, яаж хүмүүжүүлэх вэ гээд их олон бодол толгойд эргэлдэж эхэлсэн. Би ямар ч зүйлийг зөв л хийхгүй бол үйлийн үрийг минь үр хүүхэд минь амсдаг юм болов уу гэдэг утгаараа зөв, зүйтэй явах ёстой юм байна гэж өөрийн эрхгүй бодож эхэлсэн. Би таны асуусан асуултаас жаахан хазайгаад ярьчихав уу үгүй юу.

-Зүгээрээ...

-Яахав өнөөдөр олимпийн аварга болсноос хойш арван жил болсон байна. Хэдийгээр арван жил гэдэг зарим хүнд богино хугацаа юм шиг санагдаж болох ч үгүй юм л даа. Би энэ хугацаанд их спортоо орхиогүй явж байна. 24 настай олимпийн аварга болж байсан бол өнөөдөр 34 настай тэмцээн уралдаанд оролцоод явж байна. Энэ хоёр хугацааг харьцуулахад оюун санаа болоод бие организмын хувьд ялгаатай зүйл их байна л даа.

-Та олимпийн аварга болсныхоо дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө монголчууд энэ баярт үйл явдлыг хэрхэн хүлээн авсныг дараа нь мэдсэн гэсэн байсан. Дараа нь та Лондонгийн олимпоос мөнгө, өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Таныг энэ том амжилтын эзэн болох болгонд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ баярладаг. Ер нь дэлхийн томоохон тэмцээнд оролцоод амжилт гаргасны дараа танд ямар бодол хамгийн түрүүнд төрдөг вэ?

-Медаль авсны дараа гэвэл үү? Ер нь хүн зорилготой байх их гоё. Би тийм болно, тэгнэ гээд түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, зүтгэж байхад их гоё санагддаг. Харин бүх зорилгодоо хүрсний дараа жаахан утгагүй болдог юм байна аа, яг үнэндээ. Би одоо яах билээ гэдэг ч юм уу, эсвэл нэг оргил руу зүтгэж зүтгэж гарчихаад цааш алхах гэтэл хадан хясаа руу өнгийж байгаа ч юм шиг. Ер нь хоосон чанар бий болдог. Гэхдээ энэ амжилтын ард гарснаа хувь хүн талаасаа илэрхийлвэл өөрийнхөө бодож санаж явсан зүйлдээ хүрсэн гэдэг утгаараа сэтгэл санаа тайвширсан гээд өөрт мэдрэгдэх мэдрэмж бол их сайхан шүү.

-Таны хувьд Риогийн олимп амаргүй байсан болов уу. Тэр үеэ эргээд дурсвал? 

-Риогийн тухайд гурав дахь олимпдоо орох гэж байгаа гэдэг утгаараа маш их хичээж бэлдсэн. Харамсалтай нь ялагдсан. Миний хувьд тэр үед тамирчин хүний сэтгэл зүй ямар үед яах вэ гэдэг ойлголтыг маш сайн мэдэж, ойлгож авсан. Риогийн олимпийн өмнө би 24 настайгаасаа ч илүү бэлтгэл хийсэн. Өмнөх хоёр олимпод ороход миний бие физлоги харьцангүй залуу байсан. Харин Риогийн олимпод ороход нас маань тамирчин хүмүүсийн хувьд ахмаддаа орох учраас асуудал гарч байсан. Ядаж л бэлтгэлээ хийж байгаад дараагийнхаа бэлтгэлд орох үед биеэ болоод булчингаа сайн амрааж чадахгүй байсан. Бас заавал медаль авах ёстой гэсэн бодол толгойд минь байнга эргэлдэж байсан учраас сэтгэл санаа хүнд, стресдсэн байх талтай. Ер нь стресс гэдэг зүйл ганц тамирчин гэлтгүй хувь хүнд ч их халгаатай, хортой л доо. Хэрэв та ямар нэг байдлаар стресдээд эхэлбэл түүнийгээ тайлж сурах хэрэгтэй.

-Гэхдээ та Риогийн олимпийн дараа дэлхийн аваргаас медаль авсан шүү дээ?

-Тэгсэн. Риогийн олимпийн дараа “За ер нь зодог тайлах болсон юм байна” гэж бодсон. Олимпийн дараа жин нэмээд үндэсний бөхөөрөө барилдсан. Гэтэл 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд +100 кг-д барилдаад түрүүлчихсэн. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Чи энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролц” гэсэн. Ингээд дэлхийн аваргад оролцож байгаагийнх хичээгээд зүтгээд үзье гэж бодож бэлтгэлээ хийсэн. Миний хувьд дэлхийн аваргаас -100 кг-д медаль авчих юмсан гэж олон жил бэлдэж, орж байсан. Гэвч хэтэрхий их хичээж байсных юм уу ер нь азгүйтчихээд байсан л даа. Харин өнгөрсөн жил +100 кг-д барилдаад хүрэл медаль авсан. Сайхан байсан.

-Таны спортын замнал агуу юм. Гэхдээ танд түүнтэй л барилдчих юмсан гэсэн бөх хүний гэгээн бодол байна биз. Миний санаж буйгаар Та нэг ярилцлагадаа Теди Риньетэй барилдах юмсан гэсэн байсан?

-Өнгөрсөн жилийн дэлийн аваргаар Теди Риньетэй барилдаад үнэлгээ салгачихвал сэтгэл ханах юм шиг бодогдож л байсан. Үнэндээ тамирчин хүн болгонд дотоод нууц гэж байдаг юм/инээв/. Бодсон санасан зүйл мэдээж бий. Тэр болгоныг ярих хэрэггүй. Харин би бэлтгэл сургуулилтаа маш сайн хийнэ ээ.

-“Будапешт-2017” ДАШТ-д манай жүдочид урд өмнө гаргаж байгаагүй өндөр амжилтаа гаргасан. Манайхан өдөр болгон шахуу медаль авч байхад сэтгэл сайхан байсан биз?

-Анзаараад хараад байхад ямар нэг зүйл дээр алдаа, оноо заавал гардаг. 2016 он олимпийн жил байсан. Тухайн үед манайхан маш их бэлтгэл хийсэн. Харин 2017 он манайхны хувьд сэргэлтийн жил байж таарсан. Энэ ч утгаараа бэлтгэл сургуулилалт тохиромжтой орсон байх. Ер нь аливаа бэлтгэлийн үр дүн дараа нь гардаг л даа. Жижиг циклээр нь яривал хавар бэлтгэл сайн хийвэл намар, өвөл бэлтгэл сайн хийвэл зун нь үр дүн гардаг. Томоор нь яривал энэ жил бэлтгэл сайн хийсэн байхад нэг, хоёр жилийн дараа үр дүн нь гардаг. Энэ ч утгаараа манай тамирчдын бие организмын цикл өнгөрсөн оны дэлхийн аваргад их сайхан таарсан байх. Энэ миний бодол шүү.

-Та энэ оны дэлхийн аваргад орох болов уу?

-Миний хувьд өнгөрсөн жил дэлхийн аваргад ороод улмаар медаль авч чадахгүй бол болино гэсэн бодолтой байсан. Гэтэл медаль авсан. Урам зориг орсон. Надад спортын тал дээр зөвлөдөг хүн маань Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэтэл Ерөнхийлөгч “Чи чадаж байгаа бол барилдаад л бай” гэсэн. Тийм ч учраас энэ жил мөн л дэлхийн аваргад оролцох бодолтой байна. Өнгөрсөн зургаадугаар сард  "Хөх хотын гранпри"-гээс алтан медаль авсан. Тиймээс энэ оны ДАШТ-д оруулах байх аа.

-Жүдо бөхийн төрөл “Токио-2020” олимпийн наадамд багийн төрөлд аваргаа тодруулна. Та 2020 оны олимпод оролцох уу?

-Уг нь чадвал багийн төрөлд ороод баг хамт олондоо нэмэр болчих юмсан гэж бодож байна. Гэхдээ би олимпод орохын тулд жиндээ заавал эрх авах ёстой болно. Тэгэхээр олимпийн эрх авах тэмцээнүүдэд бие болоод чадал маань хүрээд, дээр нь гэмтэж бэртчихгүй шиг бол оролцоод эрх авчих юмсан гэсэн бодол бий.

-Жүдогийн алтан үе гэвэл 2008-аас одоог хүртэл үеийг хэлэх байх. Ингэхэд та жүдогийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Алтан үе гэвэл биднийг гэж хэлэх л байх л даа. Гэхдээ тэр үе нь бид биш байгаасай гэж боддог. Залуус маань цаашид улам илүү их амжилт гаргаж, бидний амжилтыг эвдээсэй гэж боддог. Ер нь манай “Токио-2020” оны жүдогийн баг нэлээд хөгшин болчихлоо. Залуу үе маань ч гарч ирж байна. Миний хэлэх зүйл гэвэл залуус маань шөнө, оройгүй бэлтгэл хийж өөрөө өөрийгөө ялан дийлж, тэмцэж гарч ирэх ёстой. Өнөө маргаашийнхаа тэмцээнийг бодоод бэлтгэл хийх юм бол хэн ч дээшээ гарч ирж чадахгүй. Амжилт гаргахад бүгдийн хичээл зүтгэл чухал. Гурван үеийн хэлхээ гэж ярьдаг шүү дээ. Ахмад, одоо, залуу үе гээд. Тэгэхээр бид ирээдүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Миний хувьд хамгийн санаа зовж байгаа юм гэвэл дараа үе. Үнэндээ миний дараа үе надтай хамт хөгширчихлөө. Тэгэхээр тэрний доод үеийг бэлдэх хэрэгтэй болж байна. Спортод найман жилийн циклийг нэг үе гэж яриад байгаа юм. Манай дээд үеийнхэн мундаг байсан учраас бид гарч ирсэн. Бидний үед бэлтгэл, сургуулилалтыг маш  мундаг хийдэг байсан. Иймдээ ч бидний үеийг гаргаж ирсэн ахмад үедээ, багш дасгалжуулагч нартаа баярлаж явдаг. Бас энэ спортод минь тууштай явахад минь үргэлж дэмжиж байдаг гэр бүлдээ, ханьдаа, үр хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Та үндэсний бөхөөр барилддаг учраас асуухгүй өнгөрч болохгүй нь. Сүүлийн үед бөхчүүдийн талаар янз бүрийн яриа гарч байна. Энэ талаар та юу гэж боддог вэ. Миний бодлоор их спортоор давхар хичээллэдэг бөхчүүд илүү амжилт гаргаад байх шиг санагддаг?

-Их спортоор хичээллэх нь мэдээж тал талын ашигтай. Гэхдээ би үндэсний бөхдөө хайртай. Анх энэ спортоор хичээллэж спортын амьдралд хөл тавьсан. Нөгөө талаар бид үндэсний бөх гэж агуу түүхтэй учраас тив дэлхийд амжилт гаргах магадлал улам нэмэгдэж байгаа юм. “Их спортоор хичээллэсэн хүмүүс үндэсний бөхөөр сайн барилдаад байна” гэдэг нь их спортын тамирчид бэлтгэл сургуулилалтыг маш өндөр ачаалалтай хийдэг учраас эргээд үндэсний бөхөөр барилдахад техник болон сэтгэл зүйн бэлтгэл давуу байдагтай холбоотой байх.  Бас би өөрөө үндэсний бөхөөрөө барилддаг учраас тив дэлхийд үндэсний спортоо тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа болов уу гэж боддог. Ер нь бид үндэсний гэдэг тодотголтой зүйлээрээ бахархах, түүнийгээ дэлхийд зөвөөр сурталчилах ёстой. Ганц үндэсний бөх гэлтгүй нүүдэлчин ахуй, соёл гээд л... 

-Уучлаарай, хүнд асуулт байж магадгүй. Гэхдээ Та хэзээ барилдахаа болих бол?

-Хүн ялахаа больсон цагт л барилдахаа болино доо. Ингэж л бодож байна/инээв/.

-ОУЖБХ-ны цахим хуудсанд Монголын Найдан домог гэсэн байсан.

-Харин намайг тэгээд л байгаа юм /инээв/. Намайг янз бүрээр магтаж, ярьж, бичих юм аа. Гэхдээ би ямар юмных нь домог байх вэ дээ. Хувь хүн өөрийн чадах зүйлээ жижиг гэлтгүй хийж, хийх хэрэгтэй.  Хүн зөв, цэгцтэй амьдрах ёстой. Би ингэж л боддог.

-Гадны хэвлэлүүд таниас ярилцлага их авдаг. Сонирхоод асуухад ямар асуулт хамгийн их асууж байна вэ?

-Сүүлийн үед гэвэл хэзээ зодог тайлах вэ гэж л их асууж байна даа/инээв/. Өнгөрсөн оны ДАШТ-д оролцох гээд спортын ордонд ороход гадны дасгалжуулагч нар ирээд баяр хүргээд байсан. Яасан бэ гэсэн чинь сүүлийн тэмцээн чинь биз дээ гэсэн. Миний бодлоор намайг хөгширчихөөд байгаа мөртлөө амжилт гаргаад байхаар л анхаарлын төвдөө байлгаад байх шиг байгаа юм. Ер нь аливаа зүйл хугацаатай байдаг. Тэр тусмаа тамирчин хүний амжилт наснаас шууд хамаардаг. Миний хувьд спортынхоо эцсийн цэг дээр ирчихсэн гэж ойлгож байгаа. Цаг мөч болгон үнэтэй байна. 20 хэдэн настай байхад за яахав маргааш, дараа нь гэдэг байсан бол одоо өнгөрч байгаа цаг хугацаа бүхэн хайран санагдаж байх шиг.

-Ингэхэд та өөрийнхөө хөвгүүдийг бэлдэж байгаа биз дээ?

-Хоёр хүү маань барилддаг. Аав нь тэмцээн уралдаанд орохыг хараад хүүхдүүд маань адилхан болохыг хүсдэг байх. Тэр дундаа том хүү маань жүдод их дуртай. Гэхдээ хүүхдийг багаас нь тэмцээн уралдаанд оруулах дэмий юм шиг санагдсан. Хариуцлагыг хэтэрхий багаас нь үүрүүлэхээр зүрх муутай болох гээд байх магадлалтай юм байна. Ер нь миний хувьд хүүхдүүдийг тэр дундаа хот суурин газар амьдардаг хүүхэд залуус спортоор хичээллэх нь зөв, маш чухал гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр хотын буруу төлөвлөлтөөс болоод хүүхэд тоглож наадах талбай хомс байна. Уг нь хүүхэд гэдэг гүйж харайж байх ёстой. Залууст ч ялгаагүй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс байна. Иймд залуус жимд явах хэрэгтэй. Тэгж байж л эрүүл ирээдүй бий болно шүү дээ.

 

-Та спортын салбараас “Чингис хаан” одон хүртсэн анхны тамирчин болсон. Бас л олон зүйл эргэцүүлж суусан байх?

-Олон жил спортод тууштай зүтгэснийг маань үнэлж өгч байна гэж ойлгосон. Монголын ард түмэнд Ерөнхийлөгчийн хэлсэн үг бий шүү дээ. Ямарч салбарт амжилт гаргасан хүнд энэ шагналыг өгнө гэж. Ер нь төрөөс өгч байгаа шагнал болгоны ард хариуцлага ирдэг. Энэ одонгийн хувьд ч ялгаагүй бас л нэг хариуцлага ирж байна гэж ойлгосон. “Өөрийнхөө хийж бүтээж чадаж байгаа зүйлдээ жинхэнэ эзэн нь болж улам хичээх ёстой юм байна. Монгол Улсын иргэний үүргээ маш сайн биелүүлэх ёстой юм байна. Улс эх орныхоо төлөө хийж чадах зүйлээ хийсэн шиг хийх ёстой юм байна” гээд л...

-Ингэхэд Таньд дасгалжуулагчийн ажил хэр ойр санагддаг вэ. Та дасгалжуулагчийн ажил хийх үү? 

-Дасгалжуулагчийн ажил маш хүнд. Миний хувьд 2013 онд нэг жил дасгалжуулагчаар ажилласан. Тэр үед би энэ ажил үнэхээр хүнд юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ миний хувьд чамгүй их хугацаанд барилдсан, туршлага цуглуулсан гэдэг утгаараа тэмцээн уралдаанд оролцохдоо шинэ залуу тамирчиддаа хандаж хэлж ярьж, зөвлөдөг. Магадгүй дасгалжуулагч хийх боломж нөхцөл гарвал хийхийг үгүйсгэхгүй. Олон хүний ирээдүйг шийддэг, дасгалжуулагч хүний амнаас гарч байгаа үгнээс хамаарч тухайн тамирчин амжилт гаргадаг гэдэг утгаараа хариуцлагатай ажил л даа.

 

Би чадаад, намайг тоогоод оролцуулах юм бол цаашид ч хөтөлнө

-Ярилцлагынхаа сэдвийг бага зэрэг өөрчлөе. Та баяр наадмын өмнө нууц авьяасаа дэлгэсэн нь Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуайн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлсөн явдал байлаа. Монгол түмний үзэх дуртай нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах таньд ямар санагдав?

- Миний хувьд фото зурагт их дуртай. Бас кино зураг яаж авдаг юм бол гэж их сонирхдог. Ямар нэг сэдэв гэхээсээ илүүтэй зураглалыг яаж авсан байна вэ гэдгийг сонирхдог. Энэ ч утгаараа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон. Хөтлөөд явж байхад мэдэхгүй зүйл их гарч байсан. Тэр өндөр настай хүнээс юуг яаж асуух вэ гээд мэдэхгүй зүйл байсан. Тиймээс хүмүүстэй ярилцаж, оролцогчоосоо юу асуувэл зүгээр вэ гэдгийг судалсан. Ер нь их олон хүндтэй хүмүүстэй уулзсан. Дотроо бол санаа зовж байсан. Тэгэхэд  хүмүүс “Зүгээрээ чи чадна” гэж урам өгсөн. Миний тухайн үед бодсон зүйл юу вэ гэвэл салбар салбартаа мундаг хүмүүсийн үгийг сонсоно, ярилцана гэдэг 1000 ном уншсанаас илүү юм болов уу, илүү олон зүйлийг сурч мэдэж авах юм байна гэж. Энэ ч утгаараа энэ нэврүүлэгт хөтлөгчөөр оролцож байгаа юм.

-Танд энэ нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах саналыг хэн тавьсан бэ. Яагаад чухам таныг гэж онцолсон юм бол?

-Баатар найруулагч хэлсэн. Чи энэ нэвтрүүлгийг хөтөлнө өө гэж. Найруулагч хэлэхдээ миний ярьж буй зүйл залууст илүү хүрэх болов уу. Бөх, жүдо сонирходог олон залуу миний хөтөлж буй нэвтрүүлгийг үзсэнээр өмнөх үеийн түүхийг илүү их сонирхож, мэдэж авах болов уу гэдэг утгаараа сонгосон гэж байсан. Нөгөө талаар би түүх их сонирхдог. Тэр ч утгаараа түүхийн амьд гэрч болсон хүмүүстэй ярилцах, ахмадуудынхаа, алтан үеийнхнийхээ үгийг амнаас нь сонсч авч үлдэх нь надад сайхан байсан учраас зөвшөөрсөн.  

-Хэрэв нууц биш бол та энэ нэвтрүүлэгтэй цаашид хамтран ажиллах уу.

-Би чадаад, намайг тоогоод оролцуулах юм бол цаашид ч хөтөлнө гэж бодож байгаа.

-Тийм бол дараагийн зочин хэн байх бол, энэ нэвтрүүлгийн?

-Хоёр гурван хүнийг оруулахаар бэлтгэл ажил явж байгаа. Барималч Даши Намдаков, Бас Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж явсан, зохиолч Л.Түдэв гуай гээд өөр хэд хэдэн хүний нэр яригдаж байна лээ. Магадгүй тэр нь нууц байж мэдэх юм.

Улс төр бол миний дараагийн алхам

   -Та 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрд орж байгаагаа зарлаж, УИХ-д нэр дэвшсэн. Таны энэ шийдвэр тухайн үед олон хүнийг гайхшруулсан шүү?

-Манай Ерөнхийлөгчид дэмжлэг хэрэгтэй байсан. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах, том төсөл, хөтөлбөр ургашлуулахад  нь олон асуудал, бэрхшээл тулгарч байсан. Иймээс л нэг баг болж ажиллах хэрэгтэй юм байна. Бодож санасан зөв зүйлийг нь ажил болгож эхлүүлье. Үүний тулд өөрийн чадлаар дэм, тус болох юмсан гэж бодсон. Тэгээд л энэ шийдвэрийг гаргасан. Миний хувьд өнгөрсөн сонгуулиар орон нутагт явж, ард түмэнтэй уулзаж, ярилцаж явахдаа их олон зүйлийг харж, мэдэрч явсан. Магадгүй тэр бүх зүйл надад цаашид ажиллахад их туршлага болох байх.

-Уг нь тухайн үед таны нэр хүнд, рейтинг өндөр байсан. Гэтэл та тун цөөхөн хүний саналаар ялагдсан. Энэ ялагдалыг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Аливаа ялалт, ялагдал ямар ч хүнд ухаарал авчирдаг. Ер нь улс төр бол миний дараагийн алхам. Би зорилгоо ингэж л тодорхойлсон. Би УИХ-д нэр дэвшиж байхдаа нэг зүйлийг хэлж ярьж явсан. Энэ нь улс эх орныхоо төлөө зүтгэх чинь сэтгэлтэй, чадвартай хүмүүс төрд байвал надад улс төрд орох ямар ч шаардлага, шалтгаан байхгүй гэж. Би шүүмжилж байгаа юм биш шүү. Гэхдээ сүүлийн үед улс төрд орж байгаа, байж байгаа хүмүүс нийгэмд, олон нийтэд нэр хүнд муутай байна. Сүүлдээ улс төрд орно, улстөрч болно гэдэг хамгийн бохир заваан зүйл болсон шиг сэтгэхүй нийгэмд бий болгочихлоо. Уг нь дээр байгаа хүмүүсийн шийдвэр улс эх орныг хөгжүүлэхэд чиглэж байсан бол ард түмэн тэдэнд ингэтлээ эгдүүцэхгүй. Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал ямар байна. Зөвхөн энэ жишээнээс л дээр суугаа хүмүүсийн үнэн сэтгэл нь харагдаад байна шүү дээ. Нөгөө талаар манай улстөрчдийг эх орноо худалдсан байна. Ингэж зарсан байна гэх мэдээлэл их гарах болж. Магадгүй энэ олон мэдээллийн зарим нь худал байлаа гэхэд нөгөө хэсэг нь ортой байж мэдэх юм. Иймээс л энэ бүхнийг засч залруулах, өөрийн чадлаар зүтгэх юмсан гэж улс төрд орсон. Ер нь тамирчид их эх оронч хүмүүс байдаг. Зарим нь миний энэ үгэнд эгдүүцэж болох ч эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаад шагналын  тавцанд эх орныхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчин хүний сэтгэл дотор тусгаар улстай байхын гайхамшгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч зогсдог. Энэ үед өөрийн эх оронтой байхын үнэ цэнийг юунаас ч илүү мэдэрдэг учраас би тамирчин хүн жинхэнэ эх орончид байдаг гэж онцлоод байгаа юм шүү.

-Сонгуульд ялагдсан тухайд?

-УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт, ээжийнхээ нутагт өрсөлдсөн. Маш цөөхөн хүний саналаар ялагдсан. Миний хувьд баянхонгорын ард түмэнд маш их баярладаг. Тухайн үед юу болсныг, яасныг ард түмэн харж байсан, мэдэж байгаа учраас олон зүйл ярих хэрэггүй байх аа, одоо. Тэгэхдээ би баянхонгорт явж байхдаа нэг л зүйлийг ойлгосон. Цаашид зүтгэх ёстой юм байна. Улс төр, нийгмийн гээд аль аль салбарт том ажил хийх ёстой юм байна гэсэн бодол төрж явсан. Ард түмэн болоод шийдвэр гаргагчдын хооронд гүүр болох юмсан гэсэн бодол төрж байсан. Иймдээ улс төрд орсон гэдгээ би нэгэнт зарласан учраас цаашид ч хүч сорино. Ялагдлын тухайд гэвэл яахав дээ. Миний хувьд хүчтэй шоконд ороод ингэлээ, тэглээ гээд байсан юм байхгүй. Спорт гэдэг угаасаа ялалт ялагдал хоёрыг цаг үргэлж мэдрүүлж байдаг. Энэ ч утгаараа бид ямар ч зүйлд сэтгэл зүйн бэлтгэл маш өндөр байдаг юм.

-Хэрэв та харсан бол Дэлхийн аваргаас таныг медаль авсны дараа олон нийтийн сүлжээнд “Аваргыг УИХ-ын гишүүн болгоогүй баянхонгорчуудад баярлалаа. Хэрэв сонгосон бол дэлхийгээс медаль авахгүй байлаа” гэсэн хошигнол их явсан. Сонирхоод асуухад магадгүй та тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол олимп, дэлхийн аваргад зодоглохоор явах байсан болов уу?

-УИХ-ын сонгуульд ялсан бол олимпод давхар явахгүй байсан байх. Ер нь бол зодог л тайлах байсан болов уу. Гэхдээ би сонгуульд ялагдсанаараа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, спортын амжилтаа ахиулсан. Энэ ч утгаараа зөв зүйл болсон юм болов уу гэж боддог. Цахим ертөнцөд баянхонгорын ард түмэн ухаантай юм аа гэсэн шог яриа хүртэл гарсан байсан/инээв/. Тэгэхэд Ерөнхийлөгч бид хоёр хоёулаа ялагдсан. Х.Баттулга ерөнхийлөгч дараа нь сонгуульд ялж Ерөнхийлөгч болсон. Би дэлхийн аваргаас медаль хүртсэн. Тэгэхээр хүний хувь тавилан, зураг төөрөг гэж цаанаасаа байдаг юм болов уу даа. Ер нь ч тэгээд одоо бидний цаг үе ирж байна. Улс орны амьдралд хэрэгтэй том төсөл хөтөлбөрүүд яригдвал түүнийг улс төржүүлэх биш үнэхээр хэрэгтэйг нь дэмжиж хөдөлгөмөөр байна. Залуу хүн учраас би зөв зүйлийг дэмжмээр байна. Тэрнээс надад эрх мэдэлтэй, дарга даамлын суудал хэрэгтэй болсондоо улс төрд орно гээд байгаа юм биш шүү. 

-Нэгэнт ийм улс төрийн шийдвэр гаргасан хүн дараагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх байх. Чухам хаана нэр дэвших бол?

-Тэрийг бол нарийн төлөвлсөн зүйл алга. Хаашдаа улс төрд нэр холбогдсон учраас сонгуульд орж л таарах байх. Ингэхдээ улс орны эрх ашгийн төлөө чи нэр дэвших шаардлагатай байна. Чи зүтгэх ёстой гэвэл шүү дээ. Ер нь тамирчин хүнд байдаг нэг давуу чанар байдаг нь тэвчээр. Тэвчээртэй хүн хөдөлмөрч, ямар ч зүйлд сэтгэл зүй өндөр байдаг. 

-Нэгэнт улс төрд хүч үзнэ гэчихсэн учраас өнөөгийн нийгэм, улс төрийн амьдралыг та их анзаарч хардаг байх. Үнэндээ эрх баригчид ард түмний амьдрал сайжирч байна гэх юм. Гэтэл ард түмэн арай өөр бодолтой байгаад байдаг?

-Энд нэг зүйлийг онцолж хэлэх ёстой байх. Ер нь аливаа зүйл жижгээс, энгийнээс эхэлдэг. Аав, ээж, үр хүүхэд нь гэр бүлдээ ямар үүрэг, хариуцлагатай байхаас тухайн өрхийн, баг, сум, хороо, аймаг, дүүргийн иргэд болоод дээд шатанд нь байгаа удирдлагууд ямар байхаас тухайн баг, сум, хороо, аймаг, дүүрэг, орон нутаг, нийслэл цаашлаад улс орны амьдрал шууд хамаарна шүү дээ. Тиймээс, нэг айлын өрхийн тэргүүн дотроо бодох ёстой. Би өрхийн тэргүүн, аав хүн. Би ар гэрээ авч явж чадаж байна уу, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаж байна уу гээд. Хэрэв чадаж байгаа бол асуудалгүй. Өрх гэрийн амьдралаас хальж ойр тойрны хүмүүс цаашлаад сум орон нутагтаа тус дэмтэй, хэрэгтэй зөв зүйл хийж эхлэх хэрэгтэй. Бидний амьдралын мөн чанар юу байх билээ гэдгээ маш сайн бодох ёстой. Спортод, тэр дундаа багийн спортод нэг зарчим байдаг. Энэ нь тухайн багийн нэг тамирчин үзүүлэх ёстой амжилтынхаа 50 хувийг биелүүлээд байхад л тэр баг хождог гэж. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэн л бол, хаана, юу хийж амьдардаг нь хамаагүй бүгд чинь сэтгэлээсээ үүрэг хариуцлагаа ухамсарлаад, аливаа юмыг бусдаас болсон гэлгүйгээр хийж бүтээхийн төлөө зүтгээд байхад л тухайн өрхийн, орон нутгийн, цаашлаад улс хөгжих юм болов уу гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр бид  бие биенийхээ байдлыг хараад гудамжинд суучихдаг. Бүх асуудал нь бусдаас болсон юм шиг ярьдаг. Ийм байж болохгүй. Магадгүй янз бүрийн асуудал, бэрхшээл тулгардаг байх. Гэхдээ бусдыг харахаас илүүтэй өөрөө зүтгэж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид ийм чадвартай байх ёстой. Өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй. Манайхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг мундаг хийсэн, сайхан нэвтрүүлэг гэж байна. Ер нь сүүлийн үеийн хүмүүс сонин сэтгүүл гэхээсээ илүүтэй телевизор, цахим орчноос мэдээлэл их авч байна. Бас үүгээр дамжуулан үнэн түүхээ ахмад үеэсээ мэдэж авна. Энэ нэврүүлгээрээ дамжуулан залуу үедээ бид ингэж чадаж байсан, одоо үүнээс ч илүүг бүтээж чадна. Тэгвэл хөгжиж чадна гэсэн сэдэл санааг өгч байна. Хүмүүс ярьдаг л даа. Улстөрчид болохгүй, бүтэхгүй байна гээд л. Гэтэл нөгөө талаар энэ хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгосон. Тэгэхээр ард түмэн маань үнэн зөв мэдээлэлтэй, хөдөлмөрч байх нь юу юунаас ч чухал байгаа юм. Бүх зүйл өөр бусдаас болсон юм шиг яриад байж болохгүй ээ. Ингэж л хэлэх байна.

                                         

-Таны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй тун ойр байдаг. Энэ ч утгаараа хийж, хэрэгжүүлэхээр зүтгэж буй ажлыг нь анзаарч хардаг байх. Үнэндээ зарим үед Ерөнхийлөгчийн хүчин мөхөсдөөд байна уу даа гэж харагдах юм?

-Сүүлийн үед янз бүрийн л юм яригдаж байна. Ерөнхийлөгчийн хувьд ажил хийх гээд зүтгэж байна. Мэдээж ажил хийж байгаа хүнд янз бүрийн бэрхшээл тохиолддог байх. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй. “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийг хөтөлж байхад Ч.Хурц гуай ярьж байсан. Улстөрч хүн хувь хүний эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой гэж. Гэтэл сүүлийн үеийн зарим улстөрч өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьчихсан өчүүхэн зүйл хийгээд байгаа нь анзаарагдах. Уг нь ингэж болохгүй гэдгийг манай улстөрчид мэдэж л байх учиртай. Хэрэв тийм хүн байвал хэзээ нэгэн цагт ухаарч ойлгох өдөр ирэх байлгүй дээ. 

-Яг энэ асуудалтай холбогдуулаад асуухад сүүлийн үед парламентын засаглалтай байснаас Ерөнхийлөгчийн засаглалтай байсан нь дээр гэх болж. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би энэ талаар олон хүний яриаг сонсож байсан шүү. Засаглалын тогтолцооны тухайд гэвэл зарим мундаг улстөрч “Манай тогтолцоо бие биенийгээ барьсан. Засгийн газар нь Ерөнхийлөгчөө хяндаг, Засгийн газраа Их хурал нь хяндаг гээд гурвалсан учраас хэн нь ч юу ч хийж чадахгүй байна. Ийм болохоор яаж ч хичээгээд хөгжихгүй байна” гэж ярих юм билээ. Миний хувьд үнэхээр тийм бол асуудлыг нэг талдаа гарахаар шийдчихвэл амар юм болов уу гэж боддог.

-Олимпийн аварга болсон арван жилийн ойн дээрээ ярилцлага өгсөн танд баярлалаа. Та манай уншигдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Би Монголынхоо ард түмэнд маш их баярлаж явдаг. Бас намайг өдий зэрэгт хүргэсэн аав ээж, эх эгч нартаа, найз нөхдөдөө, багш дасгалжуулагчиддаа, намайг дэмжиж ирсэн МЖБХ, мөн хайртай ханьдаа үр хүүхдүүддээ бүгдэд нь чинь сэтгэлээсээ баярлаж явдаг. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Бас Монголынхоо ард түмэнд санасан бүх сайхан зүйл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэсэн сайхан ерөөл хэлье дээ. 

ярилцсан Олон улсын спортын сэтгүүлч А.ТҮМЭНБАЯР

2008.08.14 алтан медалийн төлөөх барилдаан