УТГА ЗОХИОЛЫН ЧИГЛЭЛЭЭР НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН  ФРАНЦ ЗОХИОЛЧИД БОЛОН ФРАНЦУУД

Доктор Б. Алтангүл

МУИС-ийн Европ судлалын тэнхимийн

франц хэлний багш, орчуулагч

 

Нобелийн утга зохиолын шагнал гардуулж эхэлсэн 1901 оноос хойш 16 франц зохиолчид нийт шагналын 13.4%-ийг хүртэн дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

1901 онд Сюлли Прюдом  (Sully Prudhomme)      

1904 онд Фредерик Мистрал (Sully Prudhomme)

1915 онд Ромэн Роллан (Romain Rolland)

1921 онд Анатоль Франс (Anatole France)

1927 онд Анри Бергсон (Henri Bergson)

1937 онд Роже Мартан дю Гард (Roger Martin du Gard)

1947 онд Андре Жид (André Gide)

1952 онд Франсуа Мориак (François Mauriac)

1957 онд Албер  Камью (Albert Camus)

1960 онд Сэн-Жон Перс (Saint-John Perse)

1964 онд Жан Поль Сартр (Jean-Paul Sartre)

1985 онд Клод Симон (Claude Simon)

2000 онд Гао Шиньжиэн (Gao Xingjian)

2008 онд Жан-Мари Густав Лө Клезио (Jean-Marie Gustave Le Clézio)

2014 онд Патрик Модиано (Patrck Modiano)

2022 онд Анни Эрно (Annie Ernaux) нар тус тус Нобелийн утга зохиолын шагналыг хүртээд байна. Нобелийн шагнал гардсан хугацааны давтамжийг авч үзвэл харьцангуй өөр, өөр байгаа ч дунджаар 8-9 жилийн хугацаанд нэг франц зохиолч Нобелийн шагнал гардан авчээ.

Франц зохиолчид утга зохиолын нэр хүндтэй эл шагналыг яагаад олноороо хүртдэг бол асуулт аяндаа гарах билээ. “Францын утга зохиолын түүх” сурах бичгийг зохиогч

Ж. Намсрай гуай “Дэлхий дахины улс түмний харьцаанд байнга нөлөө үзүүлж байдаг их гүрнүүд байхын адил орон бүхний соёлд гүн их нөлөөлдөг утга зохиол байдаг. Дэлхий дахины утга зохиолд гүнзгий нөлөөлдөг утга зохиолуудын нэгэнд Францын утга зохиол” орно хэмээн Оршил хэсэгтээ дүгнэн бичжээ. Франц зохиолчид цаг үеэ мэдэрдэг, улс орныхоо хөгжил дэвшил, тэмцэл, уналт, сэргэлт гээд бүхий л явц, нийгмээ тольдож зохиол бүтээлээ туурвидаг, ард түмнийхээ дуу хоолой болж чаддаг хүмүүс. Тиймээс ч олон зуун жилийн өмнө бүтээлээ туурвиж байсан Рабле, Мольер, Мопассан, Дидро, Бальзак, Юго, Стендаль, Флобер, Франс, Монтен зэрэг францын бичгийн хүмүүсийн алдар суу өнөө хүртэл түгсэн хэвээр байна. Ер нь номыг дээдлэх, хүндэтгэх соёл хандлагад олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайн улсын бодлого, сэхээтнүүдийн оролцоо, зохиолчдын шилдэг бүтээл, номыг хүндэтгэх дадал, сургуулийн хөтөлбөр гээд нийгмийн бүхий л оролцогч идэвхтэй оролцдог. Үлгэр жишээч, нийгмийн оролцогч бүрийг уриалан дуудсан, үлгэр жишээч, тэмцэгч зохиолч төрөхөд нийгмийн нөхцөл байдал, улс орны байдал, хувь хүний хөгжил, оюуны цараа хүрээ гээд олон хүчин зүйл нөлөөлөх нь ойлгомжтой.

            Ер нь аливаа улс орны зохиолчид тухайн ард түмнээ уриалан дуудаж, нийгмийн болох, болохгүйг дэнслэн шүүдэг гэдгийг хүн бүр мэднэ. Энэ ч утгаараа франц зохиолчид эх орныхоо хөгжил цэцэглэлт, унаж босох бүхий л үед үзэг бийрээ хурцлан энэ биеэ зориулдаг нь эх орноос нь халиад эргэн тойронд, цаашлаад бусад улс оронд үлгэр жишээ болж иржээ.

Француудын номыг дээдлэх соёл гэр бүлээс нь эхтэй. Франц хүүхдүүд багаасаа номтой нөхөрлөнө, гэртээ номын булантай, эцэг эх нь орой бүрт хүүхэддээ зориулан ном уншиж өгнө, товчоор хэлбэл ном унших, хайрлах дадлыг эрт суулгасан хүмүүс. Номын дэлгүүр, номын сан нь байнга дүүрэн хүнтэй, хөл гишгэх зайгүй, зав зай гарвал уншсан номоо нэг нь нөгөөдөө ярьж өгнө. Автобус, метро зэрэг нийтийн тээврээр зорчиж байхад ном шагайсан хүнтэй хаа сайгүй тааралдана. Номыг авч явахад авсаархан болгож Livre de poche буюу хармаанд багтах хэмжээний уран зохиолын ном их хэвлэнэ. Францын Үндэсний номын сангаас (CNL) 2 жил тутамд уншигчдын дунд санал асуулга явуулдаг. Сүүлийн санал асуулга 2019, 2020 оныг хамарсан бөгөөд санал асуулгад оролцсон уншигчдын 87 % нь “ном шимтэн уншдаг” гэсэн бол 95% нь чөлөөт цагаараа ном уншдаг гэжээ. Нийт оролцогсдын 86% жилд дор хаяж нэг ном уншсан гэнэ. Эдгээр уншигчдын 63% нь цаасан хэлбэртэй, 23% нь цаас, цахим хэлбэрийг номыг хослуулан уншжээ. Ном шимтэн уншигчдын 22% нь жилд 20-оос дээш номыг уншсан байгаа юм. Нийт уншигчдын 77% нь номын дэлгүүрээс худалдан авалт хийдэг бол 23% нь тохиолдлын чанартай, гадуур зарж байгаагаас авдаг. Тэдний 96% нь гэртээ, 65% нь гэрээсээ гадуур, 48% нь онгоц, галт тэрэг, нийтийн тээврээр зорчиж байхдаа номоо уншдаг гэжээ. Сүүлийн үед гар утасны хэрэглээ өндөр болсон тул цахим ном унших хандлага газар авсан нь мөн харагдаж буй юм. Дундаж уншигч жилд 18 ном уншлаа гэхэд 15 нь цаасан хэлбэртэй, 3 нь цахим ном байжээ. Францууд “таашаал авах, суралцах, шинэ зүйл олж мэдэх, аз жаргалтай байх, хөгжиж дэвшихийн” тулд номыг сонгон уншдаг гэж хариулсан нь тэдний хэр уншигч болохыг харуулж буй хэрэг юм (https://www.idboox.com/etudes/les-francais-et-la-lecture-chiffres-cles-2021-infographie/). Өөр нэгэн судалгааг үзэхэд эмэгтэйчүүд, ахмад настнууд номыг хамгийн их уншиж байна гэжээ. Нас ахих тусам ном унших хандлага нэмэгддэг гэсэн судалгаа гарчээ. Цаасан номыг дээд мэргэжилтэй, эмэгтэйчүүд, өндөр настнууд сонгож байгаа бол залуус, оюутнууд, эрчүүд цахим хэлбэрийн номыг илүүд үзжээ. 2004 оны судалгаагаар Францууд “Библи”, Югогийн “Шоовдор хүмүүс”, Сэнт-Экзюперигийн “Бяцхан ханхүү”, Стендалийн “Улааныхан ба Харынхан” гэх мэт зохиолыг илүүд үздэг гэжээ.

Францад номыг борлуулах тусгай сүлжээ байгаа нь зохиолчдыг зохиолоо бичихэд л анхаарах, санхүүгийн хувьд биеэ даасан байх боломжийг бүрдүүлж өгдөг. ФНАК (FNAC) нэртэй ном, соёлын бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээ дэлгүүр 1954 онд байгуулагджээ. Сүүлд видео тоглоом, цахилгаан хэрэгсэл нэмж зарах болсон. Эдгээр сүлжээ дэлгүүрээс гадна ном борлуулдаг хувийн дэлгүүрүүд байна. Сейн мөрний эрэг дагуух номын худалдааг “дэлхийн хамгийн том задгай номын дэлгүүр” гэж үздэг. 3 км урттай, 217 номын задгай талбайтай, 300 000 номыг байнга худалдаалдаг бөгөөд 1991 онд Хүн төрөлхтөний дэлхийн өвд бүртгэжээ.   

Француудын 85% нь номыг бэлэглэх гэж худалдан авдгаас 69%-ийг нь хүүхдэд зориулдаг байна. Тэд “тухайн хүндээ таашаал төрүүлэх, дуртай номоо бэлэглэх, мэдлэгийг дамжуулах, шинэ зүйлийг нээх, мэдүүлэх” гэсэн зорилгоор ном худалдан авдаг гэсэн нь номыг дээдлэх, хүндлэх соёл хандлагыг харуулж буй хэрэг.

            Нөгөө талаас зохиолчдын бүтээлийг мэргэжлийн хэвлэлийн газар авч, тухайн номыг хэвлүүлэх, сурталчлах, зарж борлуулдаг эрүүл тогтолцоо баттай бүрдсэн. Шилдэг бүтээлийг урамшуулах, олон нийтэд таниулах, номонд дурлуулах олон янзын үйл ажиллагаа байнга л өрнөж байдаг. Утга зохиолын Академи, зохиолчдын болон олон нийтийн байгууллага жилийн шилдэг бүтээлийг тодорхойлж олон түмэнд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайн жилдээ хамгийн шилдэгт тооцогдох романыг ах дүү Гонкурын Академи тодруулдаг. Зохиолч Эдмонд дө Гонкурын гэрээслэлийн дагуу 1902 онд Гонкурын Академи байгуулагдан 1903 онд анхны шагналын эзнийг тодруулсан. Жил бүрийн 9,10-р сард урьдчилсан шалгаруулалт явуулаад 11-р сарын 3-ны өдөр шагналын эзнийг олонд зарлаж 10000 еврогийн шагнал гардуулдаг. Дараагийн нэр хүндтэй шагналын эзнийг 1914 онд байгуулагдсан Францын Академи 10-р сард тодруулж мөн 10 000 еврогоор шагнаж байна. 1904 онд Аз жаргалтай амьдрал сэтгүүлийн 22 эмэгтэй Феминагийн шагнал гэдгийг бий болгосон бөгөөд шүүгчид нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг. Тухайн үеийн Гонкурын шагналд дан эрэгтэй зохиолчдыг шалгаруулж байсныг эсэргүүцэн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай шагнал бий болгожээ. 1944 онд Эльза Триоле гэх эмэгтэй зохиолч Гонкурын шагналыг анх хүртсэн байна. Утга зохиолын салбарын шагналын нэр төрөл олон байх бөгөөд 1924 онд 10 сэтгүүлч нийлэн Гонкурын шагналын өмнөхөн Ренодогийн шагналыг үүсгэн шинэ урсгал, чиглэлээр зохиол бичсэн зохиолчийг шагнадаг уламжлал бий болжээ. Залуу зохиолчдыг урамшуулах Флорийн шагнал зэрэг өөр олон төрөл, жанрын урамшуулал байх бөгөөд мөнгөн шагналыг нэг их голчилдолгүй, гол нь зохиолчийн нэр хүндийг өсгөн, уншигчдийн сэтгэлийг голчилно. Тухайн жилийн шагналыг дагаж номын борлуулалт эрс өсөх бөгөөд тухайн Академийн гишүүдээс гадна уншигчид шилдэг номнуудыг ярьж хэлэлцэж, сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Гонкурын Академи Үндэсний Номын сан болон Ном худалдах үндэсний холбоотой ФНАК (FNAC) хамтран 9-р сарын туршид тусгайлан залуу уншигчдийг сонгон авч тухайн жилдээ шалгарах магадлалтай номнуудыг уншуулан маргаан, мэтгэлцээн өрнүүлж, тэдэнд тэтгэлэг олгодог байна. Тухайн жилд шалгарсан бүтээлийн хавтсанд тусгай хавчуурга хийн ямар шагнал авсныг тодорхой зааж харуулснаар уншигчид шууд худалдан авалт хийх, сонирхох, шагнал авсан хүнийг хүндэтгэх, тогтоох зэрэг олон талын ач холбогдолтой байна.

             Нобелийн шагнал хүртсэн зохиолчдын амьдрал уран бүтээл өөр өөрийн өнгө аястай. Зарим нэгэн жирийн амьдралаар замнаж, асар их ажиллаж хөдөлмөрлөсөн бол, нөгөө нэг нь нийгмийн хэцүү бэрх сорилтыг даван туулж, адлагдаж, муулуулсан байхад өөр нэгэн нь авсан шагналаасаа татгалзсан гээд олон янзын дүр зураг харагдана.

Шагнал гардуулсан 1901 онд анхны шагналыг оросын зохиолч Л. Толстойг хүртэх байх гэсэн хүлээлттэй үед франц яруу найрагч Сюлли-Прюдом хүртжээ. Яруу найрагч нүдний хүнд өвчин туссаны улмаас үргэлжлүүлэн сурч чадалгүй нотариатын танхимд албан хаагч хийж эхлэх үеэс шүлэг бичиж эхэлсэн байна. Шүүмжлэгчид анхны түүвэр болох “Стансууд хийгээд шүлгүүд”-ийг халуун дотноор хүлээн авчээ. “Авгиевын адууны хүрээ”(1866), “Ганцаардал” (1869) зэрэг удаах номуудыг нь уншигчид амтархан уншжээ. Түүний шүлгийнх нь гол сэдэв нь хайр дурлал байв. Сюлли-Прюдом Прусстэй хийсэн дайнд сайн дураараа оролцсоны улмаас эрүүл мэнд нь бүрмөсөн муудсан гэдэг. 1875 онд “Дэмий энхрийлэл” хэмээх яруу найргийн шинэ түүвэр нь хэвлэгдэн гарчээ. Яруу найрагч “Шударга ёс” (1878) “Аз жаргал” (1888) нэртэй хоёр найраглал бичсэн байна. “Хүн аз жаргалыг өөрийн дотоод сэтгэлээс хайх ёстой бөгөөд ганцхан хайр дурлал, таньж мэдэх гэсэн байнгын эрмэлзэлтэй байж л түүндээ хүрнэ, хүн бүрийн аз жаргал гагцхүү өөрөөс нь шалтгаална” гэх санаа зохиол бүтээлд нь давамгайлдаг.

Сюлли-Прюдомын дараа 1915 онд жүжиг, роман туурвигч, нэрт нийтлэлч Ромен Роллан хүртсэн байна. Тэрбээр багаасаа ном их уншин, хөгжимд сонирхолтой байжээ. Дунд сургуулиа дүүргээд Роллан нэр хүндтэй Багшийн дээд сургуульд элсэн орж түүх судалж эхэлжээ. Сургуулиа төгсөөд Ром хотод хоёр жил амьдрах хугацаандаа эрдмийн ажлаа үргэлжлүүлэхийн сацуу уран зохиолд улам ихээр шимтэн түүхэн сэдэвтэй жүжиг бичиж эхэлсэн байна. Хөгжмийн салбарт эрдмийн зэрэг хамгаалаад Роллан Сорбонны их сургуульд анхлан уг хичээлийг заасан анхны профессор болжээ. Францын аугаа их хувьсгалыг “Чононууд” (1898), “Дантон” (1900), “Долдугаар сарын 14-ний өдөр” зэрэг бүтээлдээ мөнхөлснөөр нэр хүнд нь өсчээ. Шинэ зууны эхэнд тэрбээр алдартай хүмүүсийн намтрыг цуврал болгон гаргахаар шийдэн “Бетховены амьдрал” (1903), “Микеланжелогийн амьдрал” (1907), “Толстойн амьдрал” (1911) зэрэг бүтээл туурвисан нь уншигчдын унших дуртай ном болжээ. “Жан-Кристоф” (1904-1912) түүхэн роман нь түүнд алдар нэрийг жинхэнэ утгаар нь авчирсан гэж үздэг. Энэ романд Германы авьяаслаг хөгжмийн зохиолч Жан-Кристофын тухай (Бетховеныг ийн орлуулжээ) өгүүлдэг. Романыг арван хэсэгт хуваасан бөгөөд хэсэг бүр нь баатрын (зохиолын) амьдралын тодорхой үеийг, түүний эрэл хайгуул, уран бүтээлийн тэмцэл зэргийг тод томруун дүрсэлсэн байна. Зохиол бүтээл нь ийнхүү өндөр үнэлэгдэх болсон тул Роллан багшлах ажлаа орхин өөрийгөө уран зохиолд бүрэн зориулахад хүрчээ. 1915 он “Үнэнийг эрхэмлэсэн хийгээд хүнийг өрөвдөн хайрласан зохиол бүтээл туурвисных нь төлөө” утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг түүнд гардуулжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Роллан дайныг тууштай эсэргүүцэгчийн байр суурийг баримталж байв. Энэ үед тэрбээр "Тулалдааны дээгүүр” (1915) болон "Ууганууд” (1919) номоо хэвлүүлсэн аж. 1920-1930-аад онд Роллан нийгмийн амьдралд идэвхтэй оролцож нэг бус удаа Зөвлөлт Холбоот Улсыг дэмжин дуу хоолойгоо илэрхийлж, Европт фашизмын заналхийллийг гааруулахгүй байхын төлөө тэмцэв. “Гандийн амьдрал” (1924), “Робеспьер” (1939), Францын аугаа их хувьсгалын тухай мөчлөг жүжгүүдээ энэ үед л дуусгасан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Роллан Францын эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд тусалж байсан бөгөөд дайныг эсэргүүцэх үзлээ хадгалсан хэвээр байлаа. Ромен Роллан 1944 онд сүрьеэ өвчний улмаас нас барсан боловч эх орноо чөлөөлөгдөх өдрийг үзэж чадсан байна. Утга зохиолын түүхэнд Роллан зөвхөн зохиолч гэдгээрээ бус, энэрэнгүй, хүмүүнлэг үзлийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн гэдгээрээ бичигдсэн байна. Ромэн Ролланы “Жан Кристоф” романыг анх 1937 онд орчуулагч Д. Дашдорж хэсэгчлэн орчуулж “Шинэ толь” сонинд хэвлүүлж байсан бол 2003 онд Г. Аюурзана товчлон орчуулж “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”-д оруулжээ.

            Ролланы араас 1921 зохиолч Анатоль Франс (жинхэнэ нэр нь Анатоль Франсуа Тибо) нэр хүндтэй шагналыг хүртжээ. Тэрбээр Парис хотын хуучин ном худалдаалагчийн гэрт төржээ. Ирээдүйн зохиолчийн бага нас номон дунд өнгөрсөн бөгөөл Франсын сонирхлыг татдаг ганц хичээл уран зохиол байсан гэдэг. Сургуулиа төгсөөд Франс хэдэн жил сэтгүүлчээр ажилласан бөгөөд уран зохиолд орох замналаа яруу найрагчийн хувиар эхэлжээ. “Алтан найраглалууд” (1873), “Коринфын хурим” (1874) шүлгийн түүвэр анхлан гаргажээ. Франс утга зохиолын “Парнас” дугуйланд идэвхтэй оролцдог байв. Олонд танигдсан сэтгүүлч, утга зохиолын шүүмжлэгч Франсыг 1876 онд Сенатын номын сангийн орлогч захирлаар томилсон нь уран зохиолд ухамсарт амьдралаа зориулахад түлхэц болжээ. “Эцэнхий муур” (1879), “Иокаста” (1879) тууж, “Сильвестр Боннарын гэм зэм” романаа туурвив. Сүүлийн романаараа зохиолч алдрын оргилд хүрч Францын Академийн Утга зохиолын шагналыг хүртсэн байна. 1890 оноос Франс номын сангийн ажлаа хийлгүй уран зохиолд бүх анхаарлаа зориулах болов. Түүний шинэ романууд ар араасаа хөвөрч байлаа. Христийн шашин, тэрс үзэл хоёрын сөргөлдөөний үеийг өгүүлсэн “Тайс” (1890), бадарчин ламын тухай “Галууны савар хатны гуанз” (1892), гүн ухаантны тухай “Ноён Жером Куаньерын эргэцүүллүүд” (1893) зэрэг бүтээлээ туурвилаа. 1896 онд Анатоль Франс Францын академийн гишүүн болсон бөгөөд улсынхаа тухайн үеийн аж байдалтай холбоотой асуудлын тухай хэд хэдэн романыг “Орчин цагийн түүх” нэрээр хэвлүүлжээ. Үүний сацуу Франс улсынхаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байв. Улс эх орноосоо урвасан гэж худал гүтгэгдсэн Францын армийн офицер Дрейфусыг суллахыг шаардаж байсан хэсэг сэхээтнүүдийн дотор (Золя, Пруст болон бусад) Франс байжээ. Тэр жилүүдэд Францын нийгмийг хоёр хэсэгт хуваасан улс төрийн томоохон шуугианы тухай зохиолч “Орчин цагийн түүх” романыхаа сүүлийн ботид өгүүлсэн байна. Сонирхол татсан бас нэг роман бол тухайн үеийн Францын нийгмийг элэглэсэн “Оцон шувууны арал” (1908) юм. Романд нэгэн харалган лам оцон шувуудыг хүн байна гэж андууран тэднийг загалмайлснаар тэнгэрийн уур хилэнг бадрааж буй тухай өгүүлдэг аж. Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд зохиолч дайныг тун эсэргүүцсэн байр суурьтай байв. “Утга зохиолын гялалзсан амжилтууд гаргасны төлөө” Франс 1921 онд Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан болжээ. Түүний “Ундаассан бурхад” романыг Г. Аким 1969 онд орос хэлнээс, “Кренкебиль” туурь, “Шүүгчид” өгүүллэгийг Ж. Намсрай 1961, 1969 онд франц хэлнээс, “Аз жаргал эрсэн нь” өгүүллэгийг Ц. Сүхбаатар 1974 онд, “Эр зориг” өгүүллийг нь Б. Алтангүл 2001 онд тус тус франц хэлнээс орчуулан олны хүртээл болгосон байна.

Анатоль Франсын дараа 1927 онд утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Францын идеалист философич Анри Бергсон хүртлээ. Түүний эцэг Мишель Бергсон Польшоос ирсэн Шопены шавь байв. Анригийн бага нас Лондонд өнгөрсөн хэдий ч хүүг найман настай байхад Бергсоны гэр бүл Парист эргэн иржээ. Анри Кондорс лицейд суралцсаны дараа Багшийн дээд сургуульд орж суралцжээ. Төгсөөд сургуульд багшлахын сацуу гүн ухааны үзэл санаагаа боловсруулах ажилд оржээ. 1883 онд анхны томоохон бүтээл нь болох “Ухамсрын шууд баримтууд” хэвлэгдэн гарч, Бергсон Сорбонны их сургуулийн гүн ухааны чиглэлээр доктор зэрэг хамгаалав. 1886 онд “Матери ба ой тогтоолт”, “Инээд” (1900), “Метафизикийн удиртгал” (1903), "Уран бүтээлийн хувьсгал” – аа (1907) тус тус туурвив. “Уран бүтээлийн хувьсал” нь гүн ухааны сэтгэлгээг зөвхөн Францад бус, бүхий л Европ даяар хөгжүүлэх явдалд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.“Яруу тод, амьдралыг бататгагч санаануудыг нь үнэлэн” Нобелийн утга зохиолын салбарын шагналыг хүртээсэн гэж үздэг. Түүний зохиол бүтээлийг монгол хэлнээ орчуулсан ямар нэгэн баримт одоогоор олдсонгүй.

Анри Бергсоныг шагнал хүртээд 10 жил болсны дараа Роже Мартен дө Гар уг хүндтэй шагналын эзэн болжээ. Тэрбээр удам дамжсан хуульчийн гэр бүлд Парис хотын ойролцоо төржээ. Сурагч байхдаа ном их уншдаг байсан бөгөөд Лев Толстойн зохиолууд түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тул зохиолч болохоор шийджээ. Мартен дө Гар Парист суурьшин “Гэгээнтний амьдрал” роман дээрээ ажилласан хэдий энэ зохиолоо дуусгаж чадаагүй юм. Түүний хэвлэгдсэн анхны бүтээл “Үүсэл” (1908) роман билээ. Гэхдээ утга зохиолын хүрээнийхэн түүнийг хүлээж авсангүй. 1913 оноос “Жан Баруа” романыг бичсэний дараахан утга зохиолын ертөнцөд түүний тухай ярьж эхэлсэн аж. Тухайн үеийн Франц улсыг донсолгосон Дрейфусын хэргийн тухай гарах агаад романы гол баатар Жан Баруа энэ хэргийг дахин хянахын төлөө тэмцэж буй тухай гардаг. Дэлхийн нэгдүгээр дайны үед зохиолч баруун фронт дээр байлдаж байгаад цэргээс халагдсаны дараа Францад байх удмын Тертр эдлэндээ эргэн ирж амьдарчээ. Тэндээ ирээд “Тибoгийн гэр бүл” (1922-1940) түүхэн романаа туурвисан бөгөөд XX зууны Францын хөрөнгөтний гэр бүлийн түүхийг өгүүлжээ. Чухам энэ номонд л зохиолчид Лев Толстойн уран бүтээл онцгой нөлөөлсөн нь илэрдэг. 1937 онд Мартен дө Гар-д “орчин үеийн ертөнцөд хүний амьдрал ямар байгааг уран яруу, үнэн бодитойгоор үзүүлж чадсан учир” утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн байна. Түүний бүтээлийг монгол хэлээр орчуулсан мэдээ сэлт одоогоор алга байна.

1947 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтнаар Францын зохиолч, нийтлэлч Андре Жид тодорчээ. Тэрбээр Парис хотын их сургуулийн профессорын гэр бүлд төржээ. Андре их бие муутай, байнга өвддөг хүүхэд байсан учраас лицей сургуулиа хорин насандаа төгссөн гэдэг. Эцгээс нь хойш өвлөгдөн үлдсэн хөрөнгө түүний уран зохиолд шуудран орох замд дэмжлэг болсон байна. Тэрбээр символистууд, Парисын утга зохиолын дугуйлангийн гишүүдтэй холбоо тогтоож “Намаг” (1895) нэртэй анхны романаа туурвижээ. Тэрбээр Алжир руу аялал хийж явахдаа ижил хүйстэн болохоо мэдсэн гэдэг. “Имморалист” (1902), “Давчуу хаалга” (1909), “Изабелла” (1911), “Санваартны симфони” (1919) нэртэй, хэмжээгээр төдий л том биш романуудад хувь хүний асуудалд уншигчдын анхаарлыг хандуулжээ. 1914 онд туурвисан “Ватиканы агуйнууд” романаар зохиолчийн уран бүтээлийн шинэ үе эхэлсэн гэж үздэг. 1924 онд бичсэн “Коридон” номондоо ижил хүйстний явдлыг ил тодоор дэмжин бичсэнээр шуугиан дэгдээж, олон найз нөхөд нь нүүр буруулсан аж. 1930-аад оны үеэс Жид коммунист үзэл санааг дэмжиж ЗХУ-д айлчлаад “ЗСБНХУ”-аас буцаж ирсэн нь” номоо бичжээ. Уг номондоо тоталитар нийгмийг эрс шүүмжилж, сэтгэл санаагаар унаж улс төрөөс хөндийрч дан ганц уран бүтээлдээ анхаарах болсон гэдэг. Андре Жидийн “Хуурамч зоос цутгагчид” романыг Г. Аюурзана 2003 онд товчлон орчуулжээ.

1952 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан, нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэлч Франсуа Мориак Бордо хотод чинээлэг наймаачны гэрт мэндэлсэн байна. Мориакийн гэр бүл шүтлэгтэй байсан учир хүү багаасаа л католик шашны хүмүүжлээр хүмүүжсэн нь уран бүтээлд нь тусгалаа олсон. Католик коллеж дүүргээд Мориак Бордогийн их сургуульд элсч уран зохиол судалсан аж. 1908 оноос өөрийгөө уран зохиолд бүрэн зориулахаар шийдсэн гэдэг. 1909 онд түүний “Холбосон гар” нэртэй шүлгийн анхны түүвэр хэвлэгдэн гарч, шүүмжлэгчид дажгүй хүлээн авчээ. Гэсэн хэдий ч Мориак үргэлжилсэн үгийн зохиолч болохоор сэтгэл шулуудсан аж. Энэ үед Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн боловч зохиолч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цэргийн албанаас чөлөөлөгдөн Улаан загалмайн нийгэмлэгт асрагчаар ажиллав. Дайны дараа Мориак уран бүтээлдээ эргэж орсон бөгөөд 1920-иод оны эхээр “Нойтон хамуутанд хүртээсэн үнсэлт” (1922), “Галт мөрөн” (1923), “Амьдрал заяагч” (1923) болон “Хайрын цөл” (1925) зэрэг роман бичсэнээр түүнд алдар, нэр хүнд иржээ. Сүүлийн номынх нь төлөө Францын академи түүнд Нэгдүгээр зэргийн шагналаа олгосон байна. 1927 онд "Тереза Дескейру” романаа туурвисан нь жинхэнэ алдар хүндийг авч ирсэн байна. Уг романыг Л. Нарангэрэл 1984 онд орчуулан “Цог” сэтгүүлд хэвлүүлж байжээ. Романаас гадна Мориак олон тооны нийтлэл бичсэн бөгөөд түүний “Гээгдсэн зүйл” (1926), “Христос шашинтны зовлон” (1928), “Христос шашинтны зовлон, жаргал” (1931) болон “Бурхан ба Мамон” (1929), “Есүсийн амьдрал” (1936) шашны шастирууд зохиолчийн ертөнцийг үзэх үзлийг тод илэрхийлдэг. Хүний амьдралын эмгэнэлийг чадварлаг тусгасан зохиол туурвисны төлөө” түүнд утга зохиолын салбарын Нобелийн шагналыг олгосон.

Тун удалгүй 1957 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Францын зохиолч, эссе туурвигч Альбер Камю хүртжээ. Түүний амьдралын зам их л ээдрээтэй. Тэрбээр Алжирт (Францын колони байсан) тариачны гэр бүлд мэндэлсэн байна. Бага насандаа эцэг, эхээ алдсан  эмэг эх дээрээ хүмүүжсэн аж. Лицей, дараа нь Алжирын их сургуульд сурах төлбөр, хоолны мөнгийг олох гэж зүдэрсэн гэдэг. 1930 онд Камю сүрьеэ туссан нь тогтоогджээ. 1936 онд их сургуулиа философийн магистрын зэрэгтэй төгссөн боловч өвчин нь хүндэрсний улмаас судалгаа хийж эрдэмтэн бололгүй, уран зохиолд амьдралаа зориулахаар зорьжээ. 1938 онд “Калигула” гэх алдарч жүжгийн зохиолоо туурвисан. Энэ үед “Бүгд найрамдах Алжир” сонины газартай хамтарч ажиллахын сацуу театрт жүжигчин, найруулагч хийжээ. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлмэгц  Франц руу очин Эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож “Тулаан” сонинд зүтгэх болжээ. Дайны үед тэрбээр экзистенциалист зохиолч болсон агаад “Хөндлөнгийн хүн” (1942) тууж, “Сизифын тухай домог” (1942) зэрэг нэртэй бүтээлүүдээ туурвисан аж. 1947 онд туурвисан “Тарваган тахал” бүтээлдээ хүмүүний дотоод ертөнц, бодгалийг ёгтолж дүрсэлж, муу муухай үйл, хүчирхийллийн эсрэг сөрөн зогсох чадварыг харуулахыг оролджээ. Үзэл бодлын хувьд Сартр-тай зөрчилдөж байсныг томоохон бүтээл болох “Үймээн дэгдээгч” (1951) зохиолд тод харуулжээ. Тэрбээр олон тооны өгүүллэг, эссе, жүжиг бичсэн бөгөөд 1957 онд “дэлхийн утга зохиолд хүмүүний дотоод сэтгэлийн байр суурийг илэрхийлсэн томоохон нэмэр хандив оруулсан тул” утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн аж. Камьюгийн уран бүтээл орчин үеийн соёл иргэншлийг бүрэлдэн тогтоход үлэмж нөлөө үзүүлсэн гэж үздэг.[1] Камьюгийн бүтээлийг монголчууд харьцангуй сайн мэддэг билээ.

Д. Гомбожав “Эрин үеийн хүү” өгүүллэг, Г. Аюурзана “Хөндлөнгийн хүн”, “Тахал” романыг товчилж, Т. Юмсүрэн “Жемилагийн салхи” зэрэг бүтээлийг нь орчуулжээ.

            Түүний дараа 1960 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг яруу найрагч, дипломатч Сен-Жон Перс хүртжээ. Тэрбээр Карибын тэнгис дэх Францын мэдэлд байсан Гваделупа арал дээр өмгөөлөгчийн гэр бүлд төрж Францад боловсрол олж авсан байна. Тэрбээр Бордо хотын их сургуулийг дүүргээд 1914 оноос дипломат албанд зүтгэх болов. Их сургуульд суралцаж байхдаа Сен-Жон Перс яруу найраг оролдох болсон агаад төдөлгүй өөрийн анхны шүлгийн түүвэр “Агтаал” (1911) номоо гаргасныг Аполлинер өндрөөр үнэлсэн аж. 1920 оны үед Сен-Жон Перс дипломат албанд хүчин зүтгэсэн бөгөөд хааяахан шүлгээ нийтлүүлж байв. Тэрбээр мэргэжлийн дипломатч байсан тул Сен-Жон Перс гэсэн нууц нэрийг сонгосон гэдэг. 1933 оноос Францын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашив. Гитлерийн эсрэг үзэлтэй байсан тэрбээр Франц улс бууж өгөнгүүт АНУ руу дүрвэн гарч уран бүтээлээ идэвхтэй туурвиж эхэлсэн байна. 1940 онд “Цөллөг” (1942), “Салхи” (1946) болон бусад нэртэй түүврүүд гарсан аж. 1958 онд Сен-Жон Перс эх орондоо эргэж ирсэн хэдий ч АНУ-д байнга оршин суух болсон юм. Түүнийг Францын дээд шагнал болох Хүндэт легионы одонгоор шагнажээ. Энэ үед түүний бичсэн томоохон зохиол гэвэл “Зүг заагч” (1957), "Товчоо” (1960) болон “Шувууд” (1963) найраглал юм. 1960 онд Сен-Жон Перс “ариун дээд, уран дүрслэлт найраг бүтээснийхээ төлөө” Нобелийн шагналыг хүртсэн гэж үздэг. Түүний бүтээлийг монгол хэлээр одоогоор орчуулаагүй байна.

1964 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан бол гүн ухаантан, зохиолч, найруулагч, нийтлэлч, нийгмийн зүтгэлтэн Жан Поль Сартр юм. Парис хотод тэнгисийн инженерийн гэр бүлд төрж, өвөг эцгийнхээ гарт хүмүүжжээ. Өвөг эцэг нь туйлын сүсэгтэй нэгэн байсан тул тэднийд байхдаа Сартр ном их уншин, гэрийн багш нарын хичээл сонсч, утга зохиол болон гүн ухаанд хорхойсох болжээ. Сартр өвөөтэйгөө өнгөрүүлсэн он жилүүдээ “амьдралын хамгийн аз жаргалтай үе” байсан гэж дурсчээ. IV Генрихийн лицейд суралцаж байхдаа Сартр анхны өгүүллээ нийтлүүлжээ. 1933-1934 онд Берлин дэх Францын институтэд дадлага хийх үеэр Германы XX зууны шилдэг философичид болох Эдмунд Гуссерль, Мартин Хайдеггер нарын бүтээлүүдтэй танилцсан нь түүнд томоохон нөлөө үзүүлжээ. “Хоосон санаа” (1936), “Сэтгэл хөдлөлийн онолын найруулал” (1939), “Санаанд дүрслэгдсэн зүйл” (1940), “Ахуй ба хоосон чанар” (1943) бүтээл нь тус тус хэвлэгдэн гарав. “Ой гуталт” (1938) роман, “Хана” (1938) тууриараа алдаршжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Сартр багшлахын сацуу Эсэргүүцлийн хөдөлгөөний хэвлэл болох “Комба” сонинтой хамтарч ажиллажээ. Дайны дараа Жан Поль Сартр зүүний үзэлтэй Францын сэхээтнүүдийн манлайлагч, нэрт зохиолч, гүн ухаантны нэг болсон байв. Тэрбээр марксизмын үзлийг сайшаан дэмждэг байсан бөгөөд түүнийг экзистенциализмтай хослуулахыг оролдон “Диалектик ухааны шүүмж” (1960) бүтээлээ туурвижээ. Дайны дараах жилүүдэд Сартр “Ялаанууд” (1943), “Оршуулга үгүй үхэл” (1946), “Сээтэгнүүр бүсгүй” (1946), “Бохир гар” (1948), “Шулам ба тэнгэрийн эзэн” (1951) зэрэг жүжиг туурвисан бөгөөд хүний сонголт хийх эрх чөлөө, сонголтын төлөө хүлээх хариуцлага, хүний амьдралын утга учиргүй байдал зэрэг асуудлыг үргэлжлүүлэн судалсан аж. 1964 онд өөрийн намтраас сэдэвчлэн “Үг” нэртэй тууж бичсэний дараа Сартр “эрх чөлөө, үнэнийг эрж хайсан, үзэл санаагаар баялаг уран бүтээл туурвисныхаа төлөө” Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан боловч шагналаасаа татгалзаж дуулиан дэгдээсэн нэгэн. Тэрбээр “Өөрийгөө болон уран бүтээлээ олон нийтийн институт болгомооргүй байна” гэж тайлбарласан гэдэг. Сартрын “Огиудас” романыг 2003 онд Г. Аюурзана товчлон орчуулжээ.

Сартрыг шагналаас татгалзснаас хойш хорь гаруй жилийн дараа 1985 онд нэрт зохиолч Клод Симон уг нэр хүнтэй шагналын эзэн боллоо. Тэрбээр Мадагаскарын нийслэл Тананариве хотод колоничлогч армийн офицерын гэр бүлд мэндэлсэн. 1919 онд эх нь хүүдээ сайн боловсрол олгох үүднээс Парис руу нүүсэн бөгөөд Симон тэнд нэгэн нэр хүндтэй коллежийг төгсөв. 1930 оны vеэр Симон уран зураг сонирхож эхлэн Европоор аялжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Симон Эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцов. Энэ үеэр Симон “Луйварчин”(1945) нэртэй анхны романаа бичиж дуусгасан нь төдийлөн амжилт олсонгүй. “Гулливер” (1952), “Салхи” (1957) болон бусад номондоо зохиолч өөрийн бичлэгийн хэв маягийг аажмаар олж авсан байна. Түүний ном янз бүрийн баатрууд болон үйл явдлуудын цуглуулгыг санагдуулам бөгөөд тэд нь цөм голлох байр суурьтай аж. 1950 оны эцэст Симон Францын “шинэ урсгалын” зохиолчдын нэг болж чадсан агаад улсынхаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болов. Тэрбээр Алжирт тусгаар тогтнол олгохын төлөө тэмцсээр байв. “Фландрийн зам” (1960) нэртэй өөрийн намтраас хугаслан бүтээсэн Дэлхийн хоёрдугаар дайны тухай бүтээл болон “Түүх” (1967) нэртэй ном мэндэлсэн байна. Симоны өөр нэг томоохон бүтээл бол “Триптих” (1973) роман юм. Уг романд эмгэнэлтэй төгсдөг хайр дурлалын гурван түүхийг өгүүлдэг аж. 1985 онд “уран бүтээлдээ уран зохиол, уран зургийн үндсийг хослуулан, хүний амьдралд цаг хугацааны үүрэг чухал болохыг ойлгуулсан зохиол туурвисан тул” Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын эзнээр тодорчээ.

2000 онд хятад, франц үндэстэн Гао Шиньжиэн нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. Тэрбээр 1940 онд Хятадын Ганжоу-д төрсөн. Зохиолч, жүжгийн зохиолч, найруулагч, зураач. Гао зүүн Хятадад Японы түрэмгийллийн үед өсөж хүмүүжсэн. Аав нь банкны эзэн, ээж нь жүжиг сонирхдог нэгэн байсан тул хүүгийнхээ тайзны урлаг, зохиол бичих сонирхлыг маш мэдэрч хөгжүүлсэн байна. Гао Бээжин дэх Гадаад хэлний дээд сургуульд суралцан франц хэлний диплом 1962 онд гардан авсан. Тэрээр франц зохиолч Натали Сарротын бүтээлийг ихэд уншдаг байсан бөгөөд Эжен Ионеско, Жак Превер, Анри Мишо зэрэг абсурд зохиолчдын бүтээлийг хятад хэл рүү орчуулжээ. 1979 оноос барууны ертөнц рүү хөл тавьж Франц, Итали руу зорчсон байна. Бертолт Брехт, Антонин Арто, Самюэл Бекетт нарын нөлөө нэвт шингэсэн түүний жүжгийг Бээжингийн Ардын театрт тавьж байсан бөгөөд олон нийтийн талархлыг хүлээсэн (1982 онд "Сэрүүлгийн дохио" гэх мэт) байна. 1985 онд бүтээсэн "Зэрлэг хүн" кино нь ихээхэн маргаан дэгдээж, олон улсын анхаарлыг татжээ. Гао 1988 оноос хойш Францад амьдарч, 1998 онд онд Францын иргэншил авсан байна. “Хятадын роман, театрын урлагт шинэ замыг нээсэн” хэмээн үнэлж 2000 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээсэн байна.

            2008 оны Нобелийн шагналт Жан-Мари Густав Лө Клезио 1940 онд Нис хотод төржээ. Эцэг нь англи, эх нь франц бөгөөд өвөг эцэг нь XVIII зууны сүүлээр Англи, Францын харьяанд байсан Морис арал руу цагаачилсан хүн байв. “Дэлхийн хүн” хэмээн нэрлэгдсэн Лө Клезио олон газраар явж, өвөг дээдсийнхээ хэлж өгсөн үлгэр домог, аман яриа, адал явдлыг олон зохиол дотроо амилуулсан байна. “Шүүх ажиллагаа” хэмээх 1963 онд бичсэн зохиолоороо Рөнодогийн шагнал авч олны танил болсон. 1980 онд бичсэн “Элсэн цөл” романаараа Францын Академийн Поль Мораны шагнал хүртэж байв. “Долоон настай байхдаа Нигерт эмч хийж байсан аавтайгаа уулзахаар ээжтэйгээ аялснаа үг үсэг холбон бичсэн нь зохиол бичих эхлэл минь болсон” гэж дурьсан ярьдаг. Домог яриа, болсон явдлыг “Элсэн цөл”, “Алтны эрэлчид” зохиолдоо өргөн ашигласан бол “Африк эр” зохиолд өөрийн болон гэр бүлийн амьдралаа хүрнэжээ. 50 гаруй бүтээл туурвисан. Түүний “Алтан загас” романыг 2010 онд Б. Алтангүл монгол хэлний орчуулжээ. 

2014 оны Нобелийн шагналт Патрик Модиано 1945 төржээ. Тэрээр Францын Академи, Гонкур зэрэг нэр хүндтэй шагналыг хүртсэн, гуч орчим романы зохиолч юм. “Алдагдсан залуу насаа эрэлхийлж буйгаар дотоод ертөнцөө илэрхийлж” бүтээлээ туурвидаг нь ээдрээт хувийн амьдралтай нь холбоотой. Дөрвөн настай өнчин хоцорсон Модианог ах нь өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд залуудаа зах дээр наймаа хийхээс гадна санхүү, газрын тосны салбарт ажиллаж бүтэлгүйтэн, оймс, сүрчигний дэлгүүрийн менежер хүртэл хийж үзсэн гэдэг. 1967-1982 оны хооронд хэвлүүлсэн анхны уран бүтээлүүдээ хүнд өвчнөөр хорвоог орхисон ахдаа зориулсан байна. Тэрээр 1967 онд анхны роман "Оддын байр" бүтээлээ хэвлүүлсний дараа зохиол бичих ажилд өөрийгөө бүрэн зориулах болжээ.  Нобелийн шагнал олгох үед “хүний ​​амьдралын хэцүү хувь заяаг харуулж, ажил мэргэжлийн онцлог, ертөнцийг утга зохиолд тод томруун харуулсан”-ы төлөө хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

2022 оны Нобелийн отгон шагналт, уг шагналыг хүртсэн анхны франц эмэгтэй Анни Эрно 1940 онд төрсөн, утга зохиолын багш, зохиолч эмэгтэй. 1974 онд “Хоосон шүүгээ” намтар зохиолоороо уран зохиолын анхны гараагаа эхэлжээ. 1984 онд тэрээр өөрийн намтраар бүтээсэн “Байр суурь” бүтээлээрээ Ренодогийн нэр хүндтэй шагнал хүртжээ. 2008 онд “Он жилүүд” бүтээлдээ дайнаас хойш өнөөг хүртэл амьдралынхаа түүхийг хүүрнэсэн бөгөөд тухайн жилдээ “франц хэлээр шилдэг бүтээл туурвисан” гэх шагнал гарджээ. 2011 онд өөрийг нь төрөхөөс өмнө нас барсан ганц эгчдээ зориулж “Өөр нэгэн охин” бүтээлээ туурвисан. Анни Эрно хувийн амьдралаа бичих, түүнийг олон нийтэд дэлгэж тавихдаа биеэ барьдаггүй, шууд хүүрнэж хүргэдгээрээ алдартай. Бүтээлээ намтарчилсан хэлбэртэй харуулах бөгөөд социологийн шинжлэх ухаантай хослуулж бичдэг авьяастай. “Угсаа гарвал, хувийн дурсамжаа нийгмийн хүчин зүйлтэй холбож харуулдаг авьяастай нэгэн” хэмээн шагналд тодорхойлохдоо онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Энэ шагнал маань шударга бус байдлын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх үүрэг хариуцлага боллоо. Уран зохиол нэн даруй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн эмэгтэйчүүд болон хэлмэгдэгсдийн эрхийн төлөөх тэмцлийг үргэлжлүүлэх шаардлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

[1] Чинбаяр О, Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс, УБ. 2011. х.130-131.