Б.Мөнгөнтуул Мумбайд түрүүллээ

Шатрын эх орон Энэтхэгийн Мумбайд хотод зургадугаар сарын 12-19-нд "AICF International Women Grandmasters Chess Tournament” шатрын олон улсын тэмцээн боллоо. Энэтхэг, Монгол, ОХУ, Казахстан, Узбекистан, Вьетнам, Бельгийн 12 эмэгтэй шатарчин тойргийн журмаар өрсөлдөв. Манай улсаас “Алдар” спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Монгол Улсын анхны эмэгтэй их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул урилгаар оролцож алтан медалийн эзэн болжээ. Б.Мөнгөнтуул 11 өргөөс зургаан хожил, дөрвөн тэнцээ, нэг хожигдолтой 8.0 оноогоор тэргүүлсэн байна. Казахстаны их мастер Гулишан Накбаева 7.5, эзэн орны Сриха Сешадри 7.0 оноогоор удаалав. Энэтхэг улсаас дэлхийн аварга цолыг зургаан жил эзэмшиж явсан Вишванатан Ананд, супер их мастер Хумре Конеру зэрэг олон шилдэг шатарчид төрөн гарсан юм.