Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло”-д дуулж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин Италийн алдарт "Сан Карло" театрт Ж.Вердийн "Травиата" дуурийн Жермонд дуулж байгаа ажээ. Тэрбээр тус театрт энэ сард нийт найман удаа дуулж байгаа бөгөөд эх орныхоо нэрийг дуурийн эх оронд цуурайтуулж буй уран бүтээлчдээ мэргэжил нэгт нөхөд нь баяр хүргэж байна.

Э.Амартүвшингийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Москва хотноо болсон Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж улмаар "BraVo" шагналын эзэн болсон. Мөн П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 ны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагналыг хүртэж байсан юм.