УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: 30 ГАРУЙ ЖИЛ ХИЛИЙН БООМТУУДДАА АНХААРАХГҮЙ ИРЖЭЭ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд явагдсан “ТӨСӨВ 2023 ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ“-ийн үеэр “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” салбар хуралдааныг удирдан явуулж, дүгнэлтийг нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр тоймлон танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хуралдаанд оролцогч талууд дэвшүүллээ. Үүнд, нэн яаралтайгаар Гашуун-Сухайт, Ханги-Мандалын боомтуудыг олон улсын статустай болгохгүй бол цаад талын орон нутгийн шинж чанартай улс төрийн нөхцөл байдал, асуудлуудаас болж гацалт үүсдэг, тээг болдог. Бид 10, 20 эгнээ зам тавьсан ч цаад орон нутгийнхантайгаа ойлголцож чадахгүй бол боомтын нэвтрэх хүчин чадал нэмэгдэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс нэн тэргүүнд экспортын боомт болох Ханги-Мандал, Гашуун-Сухайт боомтуудыг олон улсын стандарттай болгох асуудлуудыг шийдэх талаар ярьсан.

Боомттой аймгуудыг төлөөлж Дорноговь аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдах албан хаагчид хэлэлцүүлэгт цахимаар оролцлоо. Тэдний хэлж буй зүйл бол 2023 оны улсын төсөвт УИХ-ын тогтоолоор орон нутгийн төсвийн шинэ хөрөнгө оруулалтуудыг хааж байна. Үүнийг болиулж өгөөч ээ. Ядаж бид орон нутгийнхаа хөрөнгө оруулалт дээр хэдэн төгрөг тавиад боомтуудынхаа засвар арчилгаа, тордолгоо, цэцэрлэг, сургуулиудынхаа асуудлуудыг шийдмээр байна гэсэн асуудал дэвшүүлж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэх хэмжээнд ажиллаасай гэж хүсэж байна.

Дараагийн асуудал бол Тээвэр ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдын хэлсэн санал юм. Мөн хэд хэдэн хүн дараах асуудлыг ярьсан. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, боомтын сэргэлт хийхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулах шаардлагатай байна. Улсын төсвөөр юм хийж чададгүй юм бол хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө гаргаад бүтээн байгуулалт хийх боломжийг нь нээж өгөөч. Төр хувийн хэвшлийн түншлэлийг эрх зүйн хувьд, бодит практик дээр бодлогын дэмжлэгийг УИХ, Засгийн газар үзүүлээч. Ингэж чадвал өөрсдөө хөрөнгөө гаргаад ажиллах хувийн хэвшлүүд олон байна. Төсвийн мөнгөөр төр ажлаа хийж чадахгүй байгаа бол хувийн хэвшил ажлаа хийхэд нь битгий саад болооч гэсэн саналыг хөндөж байна.

Боомтын асуудалд хоёр зүйлээр л хөрөнгө оруулалт хийгдэж байна. Нэгт, БНХАУ-ын талын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Хоёрт, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр явагдаж байна. Гуравт, Ханги-Мандалаас эхлээд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байна. Цаашдаа боомтын сэргэлтийг шинэ шатанд гаргахын тулд төр хувийн хэвшлийн оролцоог илүү нэмэгдүүлж ажиллах шаардлагатай гэсэн эдгээр асуудлыг “Боомтын сэргэлт” салбар хуралдаанаар авч хэлэлцлээ.

Эдгээр дөрвөн багц сэдэв дотроос, ялангуяа орон нутгийн асуудлыг анхаарч ажиллах, тэнд ажиллаж амьдарч байгаа 20 мянга гаруй иргэд, автотээвэрт явж байгаа жолооч нарын асуудлууд байна. Хууль, хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдэхгүйгээр тэнд байгаа иргэдийн тав тухтай байдлыг хангах ямар ч боломжгүй. Ядаж л жолооч нараа усанд оруулчихдаг, ороод унтах байр савтай, буудалтай болгох асуудлыг та бүхэн төсвийн хуульдаа шийдэж өгөөч гэж байна. Боомтын хуулийг нэн даруй баталж, эдгээр асуудлыг нэн даруй бие даасан хуулиараа зохицуулж өгөөч гэсэн саналуудыг ярьж байгааг албан ёсоор нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

“Боомтын сэргэлт” хэлэлцүүлэгт оролцогчдын хэлж, ярьж буй гол зүйл бол 30 гаруй жил Монгол Улс хилийн боомтууддаа анхаарахгүй ирсэн. Тал тал тийшээ олон толгойтой явсан. Хилийн цэрэг нэг хэсгийг нь мэддэг,  гааль нэг хэсгийг нь мэддэг, мэргэжлийн хяналт нэг хэсгийг нь мэддэг, орон нутаг нэг хэсгийг нь мэддэг. Нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт байхгүйн уршигаар боомтын асуудал өнөөдөр ийм түвшинд хүрч, хоцрогдсон байна. Засгийн газар нэн даруй Боомтын асуудал хариуцсан сайдыг томилох шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.

УИХ-ын төсвийн ажлын хэсэг Засгийн газар, УИХ-д салбар хуралдааны саналыг нэгдсэн байдлаар хүргүүлнэ. Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.