ОХУ-Саудын Араб 5:0

Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн хөлбөмбөгийн тэмцээн өчигдөр ОХУ-д эхэллээ. Нээлтийн тоглолт “А” хэсгийн ОХУ, Саудын Арабын хооронд болж талбайн эзэд Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэндээ өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэв. Тус тоглолтод ОХУ-ын лидерүүдийн нэг Алан Загоев бэртэл авч талбайг чөлөөлсөн ч түүнийг орлосон Денис Черышев хоёр гоол оруулж, тоглолтын шилдгээр нэрлэгдлээ. Түүнээс гадна тоглолтын гол найруулагч А.Головин өөрийн ур чадварыг хангалттай харуулж, хаалттай цохилтоос гоол оруулснаар мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татаж эхэллээ. Мөн тус тоглолтын салхийг Ю.Газинский хагалж, шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо ДАШТ-ий нээлтийн тоглолт дээр оруулсан бол Артем Зюба сэлгээгээр гарч ирмэгцээ тооны самбарт нэрээ гаргасан. Ингэснээр оросууд 64 жилийн дараа ДАШТ-ий нээлтийн тоглолт дээр 5:0-ээр ялалт байгууллаа. Тэднээс өмнө 1954 оны ДАШТ-д бразилчууд Мексикийг 5:0-ээр хожиж байжээ.