“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох гэж байна. Гурав хоног үргэлжлэх энэ зөвлөгөөн маргааш эхлэх бөгөөд 21 аймаг есөн дүүргийн VII-IX ангийн 600 гаруй хүүхэд оролцох ажээ. Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид манлайлал, байгаль дэлхий, эрүүл мэнд, харилцаа, эдийн засаг, хүүхдийн аюулгүй байдал, соёл, өв уламжлал, хөгжих орчин зэрэг асуудлыг хэлэлцэн шинэ санаачилга гаргах юм байна. Мөн хүүхдийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх зэргээр зөвлөлдөх аж. Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Найрамдал” цогцолбор хамтран зохион байгуулах ажээ.
