Нийгэмд бугшсан асуудлууд руу дурандахуй

“Монголын философын холбооны тэргүүлэгч гишүүн, Утга зохиолын доктор Д.Урианхай

Нийгмийн амьдрал маш ээдрээтэй бүтэцтэй том тогтолцоо байдаг тул бүтцүүд дор дорынхоо тогтмол үүрэгтэй, гүйцэтгэх гүйцэтгэх үйл ажиллагааны зөрчиж үлболох хатуу, нарийн хуваарьтай үйлчилдэг  ч бүтцүүд саланга, тусгаар бус, бие биесээ харилцан хамааралд, бие биенийхээ хэрэгжүүлдэг үйл ажиллагаатай нягт шүтэн барилдлагад оршдог. Тогтолцооны бүтэц бүр өөр өөрт оноогдсон үүрэг, үйл ажиллагаагаа өчүүхэн доголдол, гажуудалгүй хариуцан эрхэлж нэгдмэл зорилго, утга агуулгад нягт зангилагдаж байж сая тогтолцоогоо хөгжих, төгөлдөржих, цаашид   найдвартай ажиллах бололцоог хангаж өгдөг. Эс чадваас тогтолцооны тогтолцооны мөн чанарыг тодорхойлогч зүй тогтол зөрчигдөг уг тогтолцоо тухайн тогтолцоо байх чадвараа алдана.

Аливаа харилцаа, тогтолцоо бүрэн дүүрэн эмх цэгцтэй, зохион байгуулалттай, доод эрэмбээс дээд эрэмбэд тогтвортой дэвшин ургашлах хөдөлгөөнд оршин байх нөхцөл нь ийн “хууль”­­-ийн биелэлтээр зохицуулагддаг. Тус “хууль” тогтолцооны нэгжүүдийн аль нэгэнд, хаа нэгтэй зөрчигдвөл тогтолцооны интеграл үйл ажиллагаанд шийдвэрэлэхэд бэрхтэй зөрчил олноор шил шилээ даран үүсч нийгмийн амьдарлыг ч, улс үндэстний оршин тогтнолыг ч гүнзгий хямралд оруулдаг. Нийгмийн хөгжлийн ямар ч үе шатанд хамаарагдах бай, хоцрогдонгуй, хөгжингүй аль ч түвшинд оршин бай хамаагүй алив улс үндэстний ахуй амьдралын тойрог нэгэн том тогтолцоог бүрдүүлнэ.

Улс үндэстэн өнө бат оршин тогтнох, тэгээд цаг түүхийнн урьдчилан харж болох эс болох эргүүлгэнд тусгаар тогтнолоо хадгалж, бие даан хөгжиж чадах нөр ярвигтай үйл явцыг амжилт, ялалтанд хүргэдэг гол нууцлаг үндэс сурвалж нь “Тухайн улс үндэстний зорьж буй нийгмийн хөгжлийн үзэл санаа, практик үйл ажиллагааны нэгдэлд оршдог”.

Үндэсний эв нэгдэлд хүрэхийн тулд юуны өмнө нийгмий амьдралын “хөдөлгөгч хүч”-нүүдийн үзэл баримтлал болон тэрхүү “хөдөлгөгч хүч”-нүүдэд оролцогч хувь хүмүүсийн ухамсар, сэтгэл зүйн шинж чанарын гүнд уугдаастай байдаг “Зааг”, “Тусгаарлал”-ын элдэв шалтгааннуудыг шинжлэх ухаанчаар судалж нээх, тэднийг бүрдүүлж буй нөхцөл, өгөгдлүүдийг зөв оношлох, ил, далд үндсүүдийг нь таслах арга ухаанд нэгтгэж чадах нэг том хүчин зүйл байдаг нь нийгмийн философи сэтгэлгээний ном зохиолууд юм.

Ийм бүтээлүүд ихэнхдээ нийгмийн амьдралын халуун “гал тогоо”-ноос бичигдэж, нийгмийн сэтгэлгээнд олон хүнд асуултууд тавьдаг бөгөөд зохиогчид нь өөр өөрийнхөө ажиглалт, судалгаа, үзэл онолынхоо дүгнэлтийн үндсэн дээр хариултаа өгөхий хамт асуултынхаа хариултыг нийгмийн бүр бүтцийн уншигчлаас нэхдэг.

Дэндэвийн Тэрбишдагвын “Зааг” ном Монголын улс төр, эдийн засгийн амьдралд өрнөж буй зарим тодорхой, ойлгомжтой, зарим тодорхой бус, ойлгомжгүй үйл явдлуудын талаар боон манай ардчилсан нийгмийн харилцаан дахь олон гажуудлын илрэх, үл илрэх шалтгаануудынн талаар товч, цөөн боловч чухал ойлголтууд уншигдад дамжуулж, уншигчид өөрт олж авсан ойлголтынхоо хэмжээ цараар хувийнхаа дүгнэлтийг хийх бололцоог олгож байна.

Асуултууддаа ч бодитой хариу нэхэж байна.

Алив ном товхимол уншигчдад хэрэгтэй байх, хэрэг тус болох, эс болохын шалгуур нь бас үнэ цэнэ нь чухамдаа уг ном ямар асуултууд уншигчдынхаа сэтгэхүй, ой тоонд хүрч чадсанд хадгалагддаг.

“Зааг” номонд олон зөв асуултууд агуулгадаж байгаагийн дээр эх орныхоо нийгмийн хөгжилд залуу наснаасаа үнэнчээр зүтгэж ирсэн зөв зорилготой, тиймээс зөв сэтгэл, зөв замаар улс төрд итгэлтэй хөл тавьсан хүний амьдралын дурсамж, өчиг, санал бодлууд багтсан нь уншихад цаг заваа үл харамлахуйцаар анхаарал татлаа.

“Зааг”-аас тавигдаж буй асуултуудаас миний хувьд ойлгож үлдсэн миннь гэвэл, 1990 оноос хойших Монголын нийгмийн амьдралд гарсан өөрчлөлтүүд яг чухамдаа ямар шинж чанартай үзэгдлүүд байв? Үр дүн нь өнөөгийн байдлаар эерэг, сөрөг хоёрын аль нь жинн дарахаар үнэлэмжтэй байна вэ? Төрийн бодлогод хамаарагдахуйц алдаа, гажуудал гарсан бол ойрмогхон шуурхай, амжилттай, хариуцлагатайгаар засаж залруулах ямар ончтой арга механизм байна? Нийгмийн амьдралд илэрхий хэвшсэн үл ойлголцол, үл итгэлцэл, талцал, үзэл бодлын хуваагдал, хуйвалдаан, үнэнийг нуун дарагдуулдаг “сүлжээ”, өмч хөрөнгийн булаалдааны ичгэвтэр тэмцэл, хэн нэгэндээ атаархах хийгээд үзэн ядах “Оюун санааны ядуурал”-аас бүрэн ангижрах “Үндэсний философи онолын систем” хэзээ боловсрох вэ? Өөрөөсөө бусад хүнийг өөрийнхөө шударга хөдөлмөрөөр хөрөнгө хуримтлал буй болгох, нийгмийн баялгийн хуваарилалтад эрх тэгш оролцох, амьдарлдаа баярлах, мэдлэг мэргэжил, хүч чадалдаа итгэх, дэлхийн бусад орнуудын ард иргэдээс толгой доогуургүй бүтээлтэй, баян чинээлэг амьдрах бололцоонд хүн бүрийг үл хүргэн хязгаарлаж буй ждийн засгийн “хүчирхийлэл”-ийн “хана”-уудыг хэрхэн зохистойгоор нураах вэ? Амьдаараа үхдэл хүүр болсонтой адил үзэгдэл, - агуу, гэгээн зорилгогүй амьдрах, залуу сайхан насныхаа хайранн он жилүүдээ амьдралын сорилд “өөрийн эсэргүүцэл”-гүй хөл алдан өнгөрүүлэх, нийгмийн харилцаанд бие даан идэвхитэй оролцоха мэдлэг, боловсролгүй, эрхлэх ажилгүй, орлого цалингүй гутрах, зарим нь хулгай, дээрэм, хүчингийн гэмт хэргийн “эргүүлэг” рүү халтирхаас эхлээд шунал сувьдгийн нүгэлт сэтгэлээр аллага үйлдэх, мансуурах бодисын хэрэглээнд донтох, эрдэнэт амиа хорлох, эсвэл зөвхөнн хар амиа бөөцийлөх үзлээр “өчүүхэн амьдарч” амьдралынн бурханлаг утга агуулгыг хоослох зэрэг “амьдрал үнэгүйдэх” сэтгэл зүйн “хорт хавдар”-ыг хэрхэн эмчлэх вэ? Ард түмэн рүү харсан нүдтэй байх ёстой, ардчиллыг төгөлдөржүүлэх үүрэгт үйлчилдэг байх ёстой. Төрийн ажи ажиллагааны эсрэг чиглэлд урвуулан ашигласаар Төр, иргэдийн харилцааг эрс хүйтрүүлж, өмч хөрөнгө эзэмшлийн хувь харьцааны ялгааг тэнгэрт хадаасан өнөөгийн төрд “булагнаж” буй “төрий бус мэргэжил”-ийн хүмүүсий өвдгөн дор сөхрөөстэй Төрийн институцүүдийг яаж хөл дээр нь босгох вэ? Асар гүн эмгэгшсэн энд тэндгүй бүлэнтсэн мэдрэлийн судастай Төр, засаглалын хаатуурч дөжирсөн судсаар гүйгч “архаг” цусыг яаж цэвэршүүлж тунгалагшуулах хийгээд өнөөгийн дуулиан будлиантай “ардчилсан сонгууль”-ийн “ардчилсан дэгээ”-нээс шалахван мултрах жинхэнэ ардчилсан сонгуулийн тогтолцоог яаж бүрдүүлэх вэ? Эх орны эдийн засгийг, оюун санааг, шинжлэх ухааныг, соёл урлаг, утга зохиолыг дэлхийд өрсөлдөх хурдацтай хөгжүүлэх “оочны сахал” шиг цөөхөн ард түмнээ баян хангалуун амьдралтай болгож баярлуулахаар удирдаж чадах улс төрийн хүчин хэзээ буй болж мөрөөдлийг маань биелүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх бол? Зэрэг манай “шинэ нийгэм”-ийн харилцаанд үүссээр буй эрүүл бус, хөндүүр үзэгдлүүдэд дорвитой  “эмчилгээ” шаардсан багц асуултууд аж. Нийгэмд үл мэдэгдэхүйц ахицтайгаар тархах нуугдмал хор хөнөөлтэй дээрх үйл явцуудад шинжлэх ухаанчаар хандахыг анхааруулсан, уншигч бүрээсээ ноцтой дүгнэлт, хариулт шаргуу хүссэн, нийгмийн философи сэтгэлгээ шийдвэрлэхэд ч нэлээд төвөгтэй эдгээр асуултууд зөвхөн хий хоосон асуултаараа үлдчихгүй бүтээлч үйл ажиллагаа, бүтээлч хариулт нэхэж байгаа ч би оновтой санаа, сэдэл олж чадахгүй мухардаж суугаадаа их ичиж, их бухимдаж үлдэж байна. Цаашдаа бол, миний ичих, бухимдах ч яах вэ, бага хэрэг, монгол тоотон олуул олуулаа санаа зовж дор дорныхоо хариултыг  олох, чингээд, нэгдмэл, төгс зөв хариултын үндсэн дээр нэгдмэл, шинжлэх ухаанч, ажил хэрэгч шийдвэр гаргах, шийдвэрээ амьдралд хариуцлагатай, тууштай хэрэгжүүлэх чухал юм. Чухам тэгж чадваас “Зааг” номын өмнөтгөлд дурдсанаар, хээр талд аргал түүж явсан эмгэн л өөрийг нь хараад өрөвдсөн гадаадын эрдэмтэн амар мэндийг нь асуухад, хариу үг өгүүлэхдээ, нуруугаа цэхлэн хатан дээдэс мэт ихэмсэгээр, “-За, харь нутгийн хүү хаанаас, хаа хүрч явна? Монгол нутагт төрөх аз чамд дутсан ч амьд яваа насандаа ганц удаа ч бол хөл тавих завшааныг Бурхан чамд хайрлажээ” гэж дээрлэхүү, тэргүүн гэдгэр хэлчихэж чадах хөгжил, амжилт, баяр бахархалт ялалт дүүрэн ирээдүйд Монгол Улс тун мөдхөн хүрэхэд харшлах болоод эргэлзэх шалтгаан нэгээхэн ч бээр үгүй болох аксиом юм.

Эцэст нь өгүүлэхэд, нийгэмд бугшсан хямралын үндэс, үнэн рүү сайтар шагайхад сайн ном хамгийн сайн “дуран” болдог.

“Зааг” ном “дуран”. Монголын улс төр, нийгмийн үнэний “хөшигний ард” өрнөсөн, өнөөдөр ч өрнөсөөр буй зарим ороолдоо, ончроотой үйл явцын далд руу үл ялиг нэвтрэхэд харин ч үл ялиг гэхээргүй талбайг ил харуулж чадсан нь тэдний сөрөг үр дагаврын зарим шалтгааныг ойлгох бололцоог олгож байна. Энэхүү ойлголтын цаана нэг чухал сануулга дагалдаж байгаа нь ард иргэдийн нуруунд шударга бусаар үүрүүлдэг дарамтууд цаашдаа нийгэмд тун аюултай гамшигт хувирч магадгүйг эртнээс анхааруулсан сэрэмжлүүлэг юм. Нийгмийн амьдарлд яваандаа үүсч болзошгүй эрсдэлт тэр үйл явцыг  эеэрүүлэх гарц юу байгааг нийгмийн сэтгэлгээгээр хайлгаж, нийгмийн харилцаан дахь ил, далд “бохир худаг”-уудыг цэвэрлэж ариутгах, бидний бодит амьдрал дахь ужиг бөх “Хана”, “Хэрэм”, “Тусгаарлал”, “Зааг”, “Ялгаа”-нуудыг нураах сэтгэлгээний “тэмцэл”-д нэгдэхийн төлөө зохиогч “Зааг” номоороо “За” гэж зоригтой хэлсэн нь энэ улстөрчийн эх оронч сэтгэл, зүтгэлийн гавьяа мөнийг цохон тэмдэглэвээс зохилтой байнам.

Монголын “За” андгаар буй за гэдэг.

“Зааг” номонд олонтаа давтсан “Дэлхийн ирээдүйн түүхэнд Монголын эрин эргэж ирнэ” гэдэг андгаар үг монгол хүн бүрийн чихэнд өдөр тутмын амьдарл, тэмцлийн уриа, захиас болж  ургаш дуудаж байваас юутай  сайн байхсанж...

2018.05.03-07

Хүн чулууны хөндий