ЭЕШ эхлэхэд нэг хоног үлдлээ

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/маргааш буюу зургадугаар сарын 16-ны өдөр улс даяар эхэлнэ. ЭЕШ Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд нийт 43,846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Албаныхны өгсөн мэдээллээр эдгээр бүртгүүлсэн шулгуулагчийн 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч бол 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Мөн шалгалтад оролцох шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирэх юм байна. Үүнд бүртгэлийн хуудас. Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авах аж. Мөн суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэх ёстой. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг ирэх сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулах аж. Мөн шалгуулагч нь шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mnцахим хуудаснаас үзэж болно.