Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.
Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэлээ.
Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болголоо.