ЭХНИЙ ӨДӨР МАНАЙ ДӨРВӨН ЖҮДОЧ ХҮЧ ҮЗНЭ

Португалийн Альмэйда хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн 2022 оны анхны дэлхийн цуврал өнөөдөр Гран При ангиллаар эхлэх гэж байна.

Португалд анх удаагаа зохион байгуулагдах энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чууллаа. Тэмцээн Улаанбаатарын цагаар 18:00 цагаас эхлэх бөгөөд шөнийн 01:00 цагт медалийн төлөөх барилдаанууд явагдана.

Энэ тэмцээнд манай улсаас 19 тамирчин гурван дасгалжуулагчийн хамт оролцох бөгөөд өчигдөр тэмцээний техникийн хурал, сугалааны үйл ажиллагаа болов. Уламжлал ёсоор тэмцээн хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно. Манай улсаас эмэгтэй -48 кг-д Хөвсгөл аймгийн тамирчин залуу мастер Бавуудоржийн Баасанхүү барилдах байсан ч Туркийн Истанбулд орсон их хэмжээний цасны улмаас нислэг нь хойшилж, тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Харин -66 кг-ын 2021 оны шинэхэн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнийг дээрх шалтгааны улмаас жин өгсүүлж, -73 кг-д зодоглуулахаар болжээ. Тэмцээний эхний өдрийн жингүүдийн оноолтыг товч хүргэе.

-60 кг: Нийт 31 жүдоч хүч үзэх энэ жинд 31 жүдоч хүч үзэх бөгөөд манай улсаас Гранд Слам ангилалд хоёр удаа тавдугаар байр эзэлсэн Э.Сумъяабазар, 2021 оны улсын аваргын мөнгөн медальт Б.Цогт-Очир нар хүч үзнэ. Энхтайваны Сумъяабазар эхний тойрогтоо Европын залуучуудын аваргын хүрэл медальтай Францын Максим Мерлинтэй хүч үзнэ. Улмаар ялбал шилдэг наймд шалгархын төлөө Бразилийн Аллан Кувабара, Азербайжаны Ровшан Алиев нарын ялагчтай барилдана. Харин ОУХМ Бямбажавын Цогт-Очир эхний даваандаа эзэн орны Родриго Коста Лопестой учраа таарсан. Улмаар ялсан тохиолдолд Унгар, Австралийн жүдочдын ялсантай шигшээ 8-д үлдхийн төлөө хүч үзнэ. Энэ жинг  ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Испаний Франческо Гарригос тэргүүлэн барилдана. Түүний хэсэгт Японы “битүү морь” Тайки Накамүра багтжээ. Энэ нь 19 настай япон жүдочны анхны Гран При тэмцээн юм.

-66 кг: Өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Баянмөнхийн Нармандах энэ жинд ганцаараа өрсөлдөхөөр болсон бөгөөд D хэсэгт эхний тойрогт Их Британы Грегг Варейтэй учраа таарлаа. Сонирхуулахад Их Британы шигшээ багийн дасгалжуулагчаар -70 кг-ын олимп, дэлхийн медальт Салли Конвэй ажиллаж эхэлжээ. Манай тамирчин эхний учраагаа ялбал Испани, Португалийн бөхчүүдийн ялсантай шилдэг наймд шалгархын төлөө хүч үзэхээр сугалаа таарчээ. Түүний хэсгийг Украйны Богдан Ядов тэргүүлж байна. Харин энэ жингийн нийт бөхчүүдийг БНСУ-ын Ан Баул тэргүүлж байгаа. Мөн тус тэмцээнд дэлхийн шилдгүүдээс Молдавын Денис Вьеру Португалд иржээ.

-48 кг: Нийт 14 жүдоч хүч үзэх тус жинг олимп, дэлхийн аваргын тавдугаар байрт Португалийн Катарина Коста тэргүүлэн барилдах бол эсрэг зоог залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн залуу од Андреа Стожадинов тэргүүлэн барилдана. Тэдний жингийн олимпын аварга Косовогийн Дистрия Красники -52 кг руу өгссөн. Мөн дэлхийн хошой аварга Дария Белодид -57 кг-д барилдах болсоноо зарлаад байгаа. Харин манай М.Уранцэцэг UFC холбоонд тулалдах бол Японы Фүна Тонаки зодог тайлж Вакана Кога, Нацүми Цүнода нар Парис-2024 циклд өрсөлдөнө.

-52 кг: Дархан-Уул аймгийн жүдоч Цэрэнтогтохын Гал-Од анхны Гран При ангилалын тэмцээндээ оролцож байгаа бөгөөд А хэсэгт эхний тойрогтоо 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Румыний Клеониа Ричиутэй учраа таарсан байна. Улмаар манай тамирчин өрсөлдөгчөө ялбал 2021 оны Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт Швейцарийн Фабиен Кошертэй хүч үзнэ. Энэ жингийн гол фаворит олимпын аварга Косовогийн Дистрия Красники В хэсгийг тэргүүлэн барилдана.

-57 кг: Энэ жинд Сонгино хайрхан дүүргийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин өсвөр үеийн Азийн аварга О.Оюунчимэг хүч үзэх байсан ч цаг агаарын улмаас Альмэйдад очиж чадаагүй. Түүний жинд нийт 15 жүдоч хүч үзэх бөгөөд Португалийн домогт жүдоч Тельма Монтейро тэргүүлэн барилдана. Мөн монголчуудын эртний танил олимпын мөнгө, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Сильва допингийн шийтгэлээ дуусгаад эргэн ирж байна. Тэрбээр -52 кг-д хүч үзэж явсан Швейцарийн Эвелин Чопптой эхний тойрогт учраа таарчээ.  

Спортын сэтгүүлч А.Түмэнбаяр