Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд С.Одонтуяа “Сүүлийн үед УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж байгааг иргэд нэлээд шүүмжилж байна. Нэг удаагийн бэлэг тараалт биш улс орны асуудлуудаа дорвитойхон шийдээчээ. Ганц удаагийн бэлгээс илүүтэй өнөөдөр амьдралд хүрэлцэхгүй байгаа тэтгэврийг нэмэх, утаа, хөрсний бохирдол, түгжрэлийн асуудлаа шийдэхийг иргэд хүсэж байна.
Мөн татварын орчныг таатай болгох, өрхийн бизнесийг дэмжих, хавдрын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эмнэлэг, сургууль барихыг иргэд хүсэж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол дээшилчихээд байхад улстөрчид шийдэл гаргахгүй байж болохгүй.
Бэлэг тараах нь олон сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Тэр дундаа залуус, эмэгтэйчүүд улс төрд ороход саад тотгор болдог. Иймээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Бусад гишүүд ч гэсэн санал нэгдээсэй гэж уриалж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Боов, эд материалын зүйл тараадаг, санал худалдаж авдаг байдал хавтгайрлаа. Хоёрхон сарын өмнө 2022 оны төсөв батлагдсан. Төсөвт үр ашиггүй зардлууд, хавтгайруулсан халамжийн бодлого хэвээр байгаа. Жишээ нь, БогдЗонховын асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байна. Цар тахлын үед эдийн засаг хүндрэлтэй, 3 хүний 2 нь ядуу ажилгүй ийм тохиолдолд БогдЗонхов мэтийн цемент зуурдаг, ядуу ахмадууддаа цагаан сараар нь боов, гурил тараадгийг хязгаарлахгүй бол болохгүй нь. Бодлого буруу байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд 48.1-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйлийг тарааж болохгүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бусад үед юм тарааж болох зохицуулалттай байгаа. 2 жилийн дараа сонгууль болно. Өөрөөр хэлбэл,энэ хугацаанд 2 цагаан сар болно. Иргэддээ боовоо тараагаад саналаа авна гэсэн байдлаар хандаж байгаа нь буруу. Иймээс хуулийн хязгаарлалт хийе.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн болсон бол 4 жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй. Цагаан сараар ул боов тараахыг хориглоно.
Хэрэв тараавал дахин сонгогдох эрхгүй болно. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Энэ нь Ерөнхийлөгч, Иргэдийн хурал болон орон нутгийн удирдлагуудад ч хамаатай байдлаар зохицуулалт хийнэ” гэлээ.