АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 60 гомдлыг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 110 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 33 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 77 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын бүтэц, орон тоо, нийт ажилтны ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийснээр авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй эрсдэлтэй албан тушаал (ажлын байр)-ыг ХАСХОМ гаргавал зохих этгээдэд оруулан хуулийн үйлчлэлд хамруулах тухай зөвлөмж, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүргүүлээд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны нийт 18 орон тооны гишүүний ХАСХОМ-ийн эрхийг системд үүсгэж системд мэдүүлгээ хэрхэн гаргах талаар заавар зөвлөмж өгөв.