Казах түмний өв соёл, зан заншил, эх хэлийг олонд таниулах төв маргааш нээлтээ хийнэ

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн санаачлагаар Казах үндэстний өв соёл, зан заншилыг сурталчлан таниулах их өргөөний өндөр үүдийг дэлгэхэд бэлэн болжээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Н.Тилеухантай хөөрөлдсөн юм.

-Тун удахгүй казах түмний өв соёл, зан заншил, эх хэлийг түмэн олонд сурталчлан таниулах их өргөөний нээлтийн ажиллагаа болох нь. Танхимын үйл ажиллагаа болон бусад мэдээллийг дэлгэрүүлвэл?

-Олон жил бодож, төлөвлөж байсан зүйлээ ийнхүү ажил хэрэг болгож, нээлтийг нь хийх гэж байгаадаа баяртай байна. Энэхүү танхимын шанг татаж, түмэн олонд дэлгэж байгаа нь казах түмний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг сурталчлан таниулах, унаган ёс жаягаар нь хадгалах зорилготой юм.

Дашрамд дуулгахад, энэхүү төвийн үйл ажиллагаа аль ч улсын иргэнд нээлттэй байх болно.

Бид төвийнхөө үйл ажиллагааг казах хэл ба соёлын сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн. Тус хэлний танхимд 20 гаруй хүүхэд нэгэн зэрэг суралцах боломжтой. Мөн 200-250 хүнийг хүлээн авах урлагийн заалтай учраас нутгийн иргэдийн уулзалт болон бусад арга хэмжээг зохион байгуулахад нээлттэй байх болно. Танхимын маань бас нэгэн чухал үйл ажиллагаа бол казах үндэстний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг түмэн олонд таниулахад оршино. Түүнчлэн хойч үеийнхэн маань энэ бүх үүх түүхээсээ суралцаж, өвлөн аваасай гэсэн үүднээс энэхүү төвийнхөө үйл ажиллагааг эхлүүлж байна.

-Тухайлбал, энэхүү төвд казах түмнийг тодотгох ямар ямар үзмэр, бүтээл байгаа вэ?

-Манай казах үндэстэн нь арвин их уламжлалт ёс заншил, үүх түүхтэй. Тухайлбал, энэхүү төвд үндэсний тоглоом болох тулам булаацалдах буюу (Көкпар) бий. Энэхүү тоглоом нь казахын уламжлалт тоглоомуудаас хамгийн түгээмэл, өнө эртнээс өнөөдөр хүртэл хамгийн сайн хадгалагдаж ирсэн байдаг. Ихэвчлэн найр наадам дээр гол арга хэмжээ өндөрлөсний дараа зохион байгуулагдах бөгөөд найр наадмыг үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Учир нь казах түмэнд онцгой тэмдэглэлт баяр наадмыг “30 өдөр найр, 40 өдөр цэнгэл” гэж нэрлэж, олон өдөр тэмдэглэдэг. Тоглоомын тухайд, ямааны махтай арьсыг морьтой залуучууд булаацалдаж, хэн хүчтэй нь булааж аваад, өөрийн хүссэн айлд аваачин туурган дээр хаядаг бөгөөд ямааны арьс буюу көкпар буусан айлд найр наадам шөнөжин үргэлжилж, наадамчин олон цуглардаг. Харин тоглоомын утга нь аргамаг хүлэг, баатар эр, эсгий туургатан гэдэг гурван үгийг тодотгож байдаг. Ийнхүү көкпарыг булааж авсан залуу буух айлынхаа туурга руу шиддэг нь эсгий туургатаны ёс заншлыг илэрхийлэхээс гадна, казах үндэсний зочломтгой ёс заншлын илрэл болдог.

Мөн қыз қуар буюу энэ тоглоомд үндэсний хувцсаар гоёсон охид, хөвгүүд оролцдог. Уралдаан нь 300-400 метр морор давхиад эргэж гараанд иртэл үргэлжилнэ. Эргэх газар хүртэл залуу охины морины хүзүүнд байх алчуурыг аван охиноос зугтаж баригдалгүй барианд орвол залуу ялсан болно. Харин охин гүйцээд очвол охин ялсан хэрэг. Тэмцээний явцад нэгнийхээ урд хөндөлсөж, татаж чангаахыг хориглодог. Охин ялсан тохиолдолд залуугийн морь эсвэл өөрийг нь ташуурддаг, харин залуу ялбал охиныг үнсдэг. Манай төвд энэхүү тоглоомонд хэрэглэгдэх эд хэрэгсэл бий. Энэ мэтчилэн теңге ілу буюу зоос шүүрэх, тогыз кумалак, асык зэрэг уламжлалт тоглоом наадгай олон байгаа.

-Төвийн нээлтийн ажиллагаа хэзээ болох вэ?

-Төвийн үйл ажиллагаа өдөр тутамд хэн бүхэнд нээлттэй байх болно. Манай төв нь “Идэр” их сургуулийн тавдугаар давхарт байрладаг. Нээлтийн ажиллагаа энэ сарын 14-ний 13.00 цагт болно.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, бидний үйл ажиллагааг дэмжиж, байраар хангаж байгаа “Идэр” их сургуулийн захиргаанд баярласан талархснаа илэрхийлэхийг хүсэж байна.

-Аливаа улс үндэстний гол оршин тогтнох үндэс нь эх хэл нь байдаг болов уу. Ер нь казах, монгол хэлний толь бичиг хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдэн гарсан бэ?

-Энэхүү толь бичгийг анх 1971 онд хэвлэсэн байдаг. Түүнээс хойш буюу өдгөө Н.Самат багш маань 30 мянга гаруй үгний баялагтай шинэ толь бичгийг нутгийн иргэд болон манай нутгийн зөвлөлтэй хамтран гаргаж байна. Одоогийн байдлаар шинэхэн толь бичиг маань хэвлэлтийн шатандаа явж байна даа. Манай төвийн тухайд, өнөөдрийн байдлаар казах хэл дээр хэвлэгдсэн 400 гаруй номтой. Цаашид эх хэл дээрээрээ хэвлэгдсэн олон сайхан ном товхимол нэмэгдэх байх аа.

-Ер нь танай нутгийн зөвлөлөөс үндэстнийхээ өв соёл, үүх түүхийг сурталчилсан нэлээдгүй ажлыг зохион байгуулдаг. Энэ талаар…

-Манай нутгийн зөвлөл нь 1992 онд анх байгуулагдаж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Яахав, сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал дэгдэж, бидний ажил ч гэсэн зогсонги байдалтай байсан. Гэхдээ бид энэ хугацаанд төвийнхөө бэлтгэл ажлыг ханган ажиллаж байлаа.

Миний хувьд, тус зөвлөлийн тав дахь даргаар тав дахь жилдээ ажиллаж байгаа. Бид энэ хугацаанд уламжлал болгон 14-20 ажлыг жил бүр тогтмол зохион байгуулж ирлээ. Энэхүү арга хэмжээнүүдээс дурдвал оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Мөн олон улсын “НАУРЫЗ”-ын баяр цагаан сарын баяруудыг угтсан томоохон арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сүүлийн хэдэн жилийн турш зохион байгууллаа. Түүнчлэн “Бүргэдийн баяр”-ыг Монгол Улсад 19, Улаанбаатар хотод 13 дахь удаагаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд хийсэн Бүргэдийн баярыг гадаад дотоодын нийт 20 мянган гаруй хүн үзэж, сонирхсон байна лээ. Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулсны дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сард болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн. Мөн бүргэдийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг сүүлийн жилүүдэд зохион байгуулдаг болсон. Мөн ’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ сэдэвтэйгээр 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгуулсан. Тэрхүү ЭШБХ-ыг зохион байгуулсны үр дүнд БСШУЯ, БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай хамтран бүргэд их хорогдож буйтай холбоотой энэ чиглэлээр бүтээл туурвих сонирхолтой оюутан залуусыг сургаж, цаашид судалгаа шинжилгээний ажилтан бэлтгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн БСШУЯ-наас санхүүжилтийг нь гарган бүргэдийн талаарх эмхтгэл номыг гаргасан гээд олон ажлыг дурьдаж болохоор байна.

-Мэдээж Нутгийн зөвлөлийн даргатай ярилцаж байгаагийн хувьд аймгийнхаа онцлогийг товчхон танилцуулах хэрэгтэй болов уу…

-За тэгье. Манай Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаарт оршдог. Нийт 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 113.000 хүн амтай. 2019 онд гаргасан Статистикийн үндэсний хорооны судалгаагаар Монгол Улсад 127.000 казах иргэд амьдардаг гэсэн судалгаа гарсан. Улаанбаатар хотоос 1760 км зайд оршдог. Байгалийн унаган төрхөө хадгалсан гайхамшигт үзэсгэлэнт нутагтай. Мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялгийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг даа. Манай аймаг хоёр том хөрш орон буюу ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог учир худалдаа, эдийн засагийн чиглэлээр богино хугацаанд хөгжих боломжтой. Баян-Өлгий Улаанбаатар хотоос 1760 км зайд оршдог алслагдсан аймаг гэж би сая хэлсэн. Энэ утгаараа Нутгийн зөвлөлөөс нийслэлд аймгаас гаралтай иргэд болон сурч буй оюутан залуусынхаа төлөө багагүй ажил хийхийг зорьж ажилладаг. Мөн казах түмний онцлог, түүх, өв соёл болсон гайхамшигт “НАУРЫЗ”-ын баяр, бүргэдийн соёл, домбор хөгжмийн гайхамшгийг улс орон даяар болон дэлхийд таниулахын төлөө бид хичээн ажиллаж байна. Тийм ч учраас Казахын соёлын төвийг байгууллаа.