Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг 100 хувь хаахгүйгээр дундын бүлэг байгуулах талаар судалж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах эсэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Энэ талаар холбогдох газруудтай хэлэлцсэн. Тодруулбал,

  • Нэгдүгээрт гуравдугаар тунд хамрагдаж байгаа иргэдийн идэвх муу байгаа нь сэтгэл зовоож байна. Өнгөрсөн есдүгээр сараас хүүхдүүдийн өвчлөл танхимаас биш, гэр бүлийн хүрээнээсээ халдвар авах нь ихэссэн.
  • Хоёрдугаарт, томуугийн тархалт нэмэгдэж, дэгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа.
  • Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна.

Боловсролын яамнаас нэг хувилбарыг судалж үзэж байгаа. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, харах хүнгүй, заавал ч үгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг анги бүрийн биш, дундын анги байгуулж авч магадгүй.

Тэгэхлээр цэцэрлэгийг 100 хувь хаахгүй гэсэн үг. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах бол хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүснэ. Иргэд нэмэлт тундаа 50 хувь хамрагдах юм бол бид хоёр, гурван настнуудаа 100 хувийн дүүргэлттэйгээр цэцэрлэгт хамруулна" гэв.