ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛАЛ БОЛЛОО

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг 1981 оноос эхлэн гишүүн орнуудын хүрээнд тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд“Ковид 19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл 2021 оны 3 дахь удаагийн хурлаа зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам харъяа агентлаг болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар хамтран эрхийн өдрийг угтан сарын аяны төлөвлөгөө батлан олон ажлыг салбарын хэмжээнд болон бусад салбарын яам, агентлаг, ТББ-уудтай хамтран зохион байгуулсан гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.

Үндэсний зөвлөлийн хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2021 оны үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Мөн НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Ээлтэй Улаанбаатар” санаачлага, хамтын ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж буйгаа танилцуулж, Үндэсний зөвлөлийн хуралд энэхүү санаачлагыг дэмжигч БХБЯ, ЗТХЯ, НЗДТГ, ХХМТГ зэрэг байгууллагуудын санал санаачлагыг хэлэлцсэнээрээ онцлогтой байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтрагч талууддаа хандан “Ээлтэй Улаанбаатар” санаачлагыг дэмжин хэрэгжүүлж ээлтэй, хүртээмжтэй Улаанбаатарыг цогцлоохын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, салбарын сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэхийг зорьж ажилладагаа сайд үгэндээ дурдсан.

Түүнчлэн салбарын шинэчлэлийн бодлогын гол цөм нь “Халамжаас-хөдөлмөрт” гэсэн зарчим байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөрийн мэргэжил, ур чадвартаа тохирсон хөдөлмөр эрхэлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгч болгоход чиглэнэ. Энэ бодлогын хүрээнд салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаарай гэж уриаллаа.