Т.Доржханд: Эмнэлэгт хэвтэх шал ч олдохгүй байхад хөшөө дурсгал барих гээд байгааг эсэргүүцэж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд хуульч Д.Үүрцайхын хамт төсвийн мөнгө, зарцуулалттай холбоотой асуудлаар дөнгөж сая мэдэгдэл хийж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд өөрсдийнх нь гаргаж байгаа мэдээллийг Монгол Улсын бүх эдийн засагчид дэмжиж байгаа гэдгийг онцлоод 32 тэрбумаар хөшөө дурсгал барих боломжгүй. Эмнэлэгт шалан дээр хэвтье гэсэн ч шал олдохгүй байгаа. Ийм байхад яагаад хөшөө дурсгал барих гэж байгаад иргэд эсэргүүцэлтэй хандаж байгаад баяртай байна гэдгийг онцолсон юм.

Тэрбээр мэдээллийн үеэр "Төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьж, үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Иргэд бүгд мэдэж байгаа. Өнөөдөр 32 тэрбумаар хөшөө дурсгал барих боломжгүй. Эмнэлэгт шалан дээр хэвтье гэсэн ч шал олдохгүй байгаа. Ийм байхад яагаад хөшөө дурсгал барих гэж байгаад иргэд эсэргүүцэлтэй хандаж байгаад баяртай байна. Би эдийн засагч хүний хувьд, сангийн яаманд ажиллаж байсны хувьд олзуурхаж байгаа. Нийгмийн бухимдал бол байх ёстой зүйл. 30 жилийн өмнөх алдаагаа давтах уу, засах уу гэх шийдлийг гаргаж ирж байна. 

Яагаад ийм асуудал үүсээд байна вэ, 76 тойргоос гишүүд сонгогдож гарч ирсэн. Тэр гишүүд ахиж сонгогдох гэж аль болох төсвөөс өөрийн тойрогтоо их мөнгө хувиарладаг. 30 жил энэ үйлдэл үргэлжилсэн. Ямар ч ашиггүй цемент зуурчихдаг. Үр дүнд нь төсвийн алдагдал өсдөг. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өр тавьдаг. Үүнийг хэн нэгэн нь зогсоох ёстой.

Үр хойчдоо өв үлдээе гээд л төсвөө батлаад байдаг. Энэ хэвээр үргэлжилвэл төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлсээр байх болно. Төсөв улс төрчдийн дахин сонгогдох баталгаа болдог" гэсэн юм.