Агуу их хайрын дуулал

МУСГЗ Д.ЦЭРЭННАДМИД

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуайн "Ээж бидэн хоёр" шинэ номын нээлт боллоо. Энэ бүтээл урд нь олон жилийн өмнө уншигчдын гар дээр хэдийнэ хүрсэн ч энэ удаагийн ном шиг цогц байдлаас ангид байсан гэж болно. Тэгвэл энэ шинэ ном Х.Цэвлээ гуайн "Ээж бидэн хоёр" бүтээлийг Монгол, Орос, Англи, Хятад, Япон гэсэн таван хэлээр гаргаснаараа онцлог юм.

"Ээж бидэн хоёр" бол аргагүй зангарагтай бичсэн нийтлэл болохоор ижийгээ хайрладаг хүн бүрийн сэтгэлийг хөндөн жинхэнэ уулга алдуулдаг уяхан сэтгэлтэй заримынх нь нулимсыг асгаруулдаг бүтээл. Хөндлөнгөөс нь бодохуйд хэрэв би үүнтэй зэрэгцэхүйц юм нэгийг хийчихсэн бол үүнийг хар, унш гэж цээжээ дэлдэж явах байсан байх шүү. Х.Цэвлээ гуайг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч гэж цоллодог. Үүнийг хангалтгүй гэж хэлмээр. Яагаад  гэхээр энэ их бичгийн хүн хичнээн олон ном бичив. Зөвхөн нийтлэл төдий биш өгүүллэг, жүжиг хүртэл бичсэн юм шүү дээ. Тэгэхээр зохиолч гэхэд хэн ч маргамгүй юм. Бас хэвлэл мэдээллийн олон байгууллагыг толгойлж тухайн үеийнхээ төр, засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд хүргэж байснаараа төр, нийгмийн зүтгэлтэн гэж болно. Өдий болтол уран бүтээлийн хамтран зүтгэгч болж яваа Б.Өвгөнхүүгийн хэлснээр яс үнэнийг хэлэх юм бол манай Цэвлээ гуай эгэл даруухан нь хэтийдсэн хүн байгаа юм. Бичсэн зүйл түүндээ хөндсөн санаа нь ямагт олны анхааралд хүрч яриа хөөрөө өрнөж байхад Х.Цэвлээ гуай ийм зүйл биччихлээ гэж онгирч явсангүй. Би зөв юм бичсэн юмсан уу. Миний бичснийг хүн тоож уншиж байгаа болов уу л гэж суух дэндүү амгалан хүн аж.

Х.Цэвлээ гуай,

-Би ээжийнхээ ачийг хариулахаас өөр буянтай ажил гэж байдаггүй гэж боддог гэж хэлсэн нь яг өөрийнх нь мөн чанар, ноён нуруу ажээ. Ингэж хэлснээр "Ээж бидэн хоёр" нийтлэл нь соён гэгээрүүлэх хийгээд хүн болсны хэрэг ээжийгээ жинхэнэ ёсоор гоёж монголчуудын дунд Хорлоо хэмээх тийм нэгэн ээжийнхээ "тосон ухааныг" үеийн үед дуурсгах ийм бүтээл хийж чадсан хүн юм.

"Ээж бидэн хоёр"-ыг таван хэлээр бэсрэг ном болгон гаргахад олон хүний хичээл зүтгэл оржээ. Тэр дотор номын садан, төр нийгэм, соёлын зүтгэлтэн нэгэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц.Балхаажав гуай өөрийн гараар "Ээж бидэн хоёр"-ыг үндэснийхээ монгол бичгээр таталбарлан хөрвүүлснийг уг янзаар нь энэ номд дотно дурсгал болгон оруулжээ. Энэ тухайд "Энэ номыг гаргахад Х.Цэвлээд өгч буй миний өчүүхэн бэлэг юм шүү гэж Ц.Балхаажав гуай бахархалтай хэлсэн нь бий.

Мөн энэ номыг хэдийгээр зохиолч нь Х.Цэвлээ гуай ч хамтын бүтээл гэж болох. Яагаад гэхээр орос эхийг Б.Хулан, англи эхийг Д.Аюуш, Хятад эхийг Өвөрмонголын орчуулагч Х.Ундрал, Япон эхийг П.Одгэрэл, үндэсний монгол бичигт Н.Баярсайхан бэлтгэсэн юм билээ.

Цаашлаад нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатар Хятад орчуулгыг сайтар нягтлан үзээд,

-Маш сайхан нийтлэлийг сэтгэлдээ уяж уяран хайлан уншихад аяндаа орчуулгын онгод хөглөгдөж байлаа гэж бичсэн нь бий.

Ийнхүү Х.Цэвлээ гуайн бүтээлийн нэгэн сор болсон "Ээж бидэн хоёр" номын нээлт уншигч зохиогчийн уулзалт хэмжээнд болж өндөрлөв. Даангүй уг номын анхны уншигч "Бимэкс" холдинг компанийн хамт олон залуучуудын Х.Цэвлээ гуайд тавьсан асуулт, хариулт чухамхүү монгол хүний сайхан сэтгэл, ухаарал гэдэг ямар аугаа юм бэ гэдгийн илэрхийлэл болж байлаа.

Ингээд уг уулзалт, ярилцлагад оролцсон зарим хүмүүсийн сэтгэгдлийг толилуулъя.

"Бимэкс" холдинг компанийн захирал Ц.Бат-Өлзий:

-Х.Цэвлээ гуайн нэг үг сэтгэлд уяатай байдаг юм. Энэ хүн юу гэж хэлсэн бэ? гэвэл

-Би сэтгүүлч болохын төлөө их ноцолдсон хүн. 1956 онд 24-хөн настайдаа Баянхонгор аймгийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа юм юм бичих гэж нухаад л байлаа. Чадахгүй л байсан даа. Тэгээд 80 нас хүрч байж сая л учрыг олсон гэж хэлсэн. Гайхалтай юм шүү. Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу гэдэг. Х.Цэвлээ гуай ийм л хүн. Амьдралыг бүрэн ойлгосон, аливааг баримтад тулгуурлаж ярьдаг, бичдэг хүн ийм бүтээлтэй байдаг гэдгийг бид, хамт олон маань мэдэрч өнөөдөр номынх нь нээлтийг ингэж зохион байгуулах завшаан олдсонд баярлаж байна. Энэ хүн одоо 90 нас зооглох гэж байгаа ч ухаан төгс саруул, үг яриа нь ухаалаг цэцэн цэлмэг хийгээд хүн бүхэнд сургаалтай байгаад баярлаж  байна. Урт наслаарай, улам олон бүтээл гаргаарай.

Сэтгүүлч Я.Сумъяа:

-Х.Цэвлээ гуайн олон арван бүтээл дундаас шижир алт шиг гялалзаж байдаг нь "Ээж бидэн хоёр" юм. Энэ бүтээлийг уншихуйд Х.Цэвлээ гуай бол хэлсэн үгийг нь сонсох ёстой, бичсэн туурвисныг нь заавал унших учиртай хүн гэж ойлгогдоно. Х.Цэвлээ гуайн бүтээлүүдийг олон түмэнд хүргэхэд бишгүй олон жил хувь нэмрээ оруулж, гар нийлж яваагийн хувьд өнөөдөр шинэхэн номын нээлтэд оролцож их баярлаж байна. "Ээж бидэн хоёр" бол монгол ухаан, жинхэнэ хайр энэрлийн үлгэр дууриалал болсон бүтээл юм шүү гэсэн юм.

Уншигч зохиолчийн уулзалт дээр Х.Цэвлээ гуай мөн л даруухнаар Монголд өнөө үед хүн чанар, монгол ухааны талаар тааруу болсон гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр энэ уулзалт дээр ирээд бодож байхад монгол ухааны хаялга, хүний мөн чанар тийм их алдагдаагүй байна гэж санагдлаа. Миний бүтээлийн санаа ч тийм юм шүү. Миний хувьд ээжийнхээ ачийг хариулахсан, буян хийхсэн гэж бодож амьдарсан. Энэ тухайгаа "Нартад амьдарсан насны тайлан" гэж бичсэн номтой. Улсад 43 жил алба хаажээ. Энэ хугацаанд юу бүтээв чи гэвэл 45 ном бүтээж уншигчдадаа хүргэлээ. Дөчин таван номын суварга юм уу даа. Мөн 60-аад хүний хөрөг бичив. Тэр дотор их эзэн Чингис, Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал нарын хөргөөр "Монгол Улсын гурван алтан сүмбэр оргил" гэсэн ном хийсэн дээ. Та бүхэн уншсан байх. Ийм л хүмүүсийнхээ үлгэр дууриаллаар бид болоод хойч үеийнхэн замнах ёстой юм шүү дээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.12 БААСАН № 223 (6700)