Г.Ёндон: БНХАУ-аас ирэх шатахуун хойшилсон

Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ 92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28.000 тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17.000 тонныг нийлүүлэх боломжтой гэсэн. Иймд бид хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн.

Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн" гэлээ.

Мөн тэрбээр Дэлхийн газрын тосны үнийн мэдээлэл болон Монгол Улсын хангамжийн талаар танилцуулсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин 16, дизелийн түлш 30, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.

Шатахууны импортын талаар:

2021 оны 9 дүгээр сарын 13-наас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2,468 тн, Аи-92 автоензин 4,186 тн, дизелийн түлш 19,061 тн, ТС-1 377 тонн, шингэрүүлсэн шатдаг хий 1 тн, бусад бүтээгдэхүүн 3,964 тн, нийт 30,057 тн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 61 тн, Аи-92 автобензин 61 тонн, дизелийн түлш 240 тн, нийт 362 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 446 тн, дизелийн түлш 327 тн, нийт 772 тн, Цагааннуур боомтоор А-80 автобензин 56 тн, Аи-92 автобензин 589 тн, дизелийн түлш 524 тн, нийт 1,170 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1,637 тн, бусад бүтээгдэхүүн 304 тн, нийт 1,941 тн, Монгол Улсад нийт 34,302 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Шатахууны хил үнэ болон жижиглэн борлуулалтын үнийн талаар:

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ аажим өссөнтэй уялдан шатахууны импортын хил үнэ 2021 оны 1 дүгээр сард хамгийн оргил үе буюу 445-595 ам.доллар/тн байсан бол 2021 оны 9 дүгээр сард шатахууны хил үнэ 669-819 ам.доллар болж 37-50 хувь хүртэл өсөөд байна. Үүнийг дагаад шатахууны жижиглэн борлуулалтын үнэ дээр тодорхой хэмжээний өсөлт явагдсан.

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин -2028 төгрөг, Аи-92 автобензин - 2053 төгрөг, Аи-95 автобензин 2628 төгрөг, дизелийн түлш - 2515 төгрөг тус тус байна.

Шатахууны нөөц, үлдэгдлийн талаар:

Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

Дэлхийн газрын тосны үнийн талаар:

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 537.60-552.39 доллар буюу баррель нь 70.46-75.67 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 74.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 70.72 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.21 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

“Comezrbank” олон улсын арилжааны банкны шинжээчид ОПЕК газрын тосны олборлолтыг нэмэгдүүлсэн ч дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт нь эрэлтийг гүйцэхгүй байгааг “The Wall Street Journal” сэтгүүлд мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч газрыг тосны үнийг буулгахын тулд олборлолтоо нэмэгдүүлэхийг ОПЕК-т уриалсан байна. Мөн тус улсын шинжээчид 2021 оны сүүлээр 1 баррелль газрын тос 75 ам.долларт хүрэх хэдий ч 2022 онд 70 ам.доллар орчим болох төлөвтэй гэсэн таамаглал гаргасан байна. Харин “Goldman Sachs”-аас 2021 онд брент төрлийн газрын тосны үнэ 80 ам.долларт хүрэх болохыг сануулсаар байгаа юм.

buzznews.mn