СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүү

2021 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 06-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Энэ 7 хоногийн эхээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх төлөвтэй байна.

Хур тунадас: 30-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 02-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 9 дүгээр сарын 02-нд Алтайн уулсаар, 03-нд зарим газраар, 04,05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.