Н.Сарангэрэл:  Цаг нь болоогүй, сэтгэлийн тэнхээгүй дээр нь хүн муутай залуучуудыг сайдаар лав тавьж болдоггүй юм байна

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт 1500-2000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан хүнд нөхцөлд ажиллаж, иргэд ч цар тахал гараад багагүй хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар болон энэ салбарыг толгойлж байсан үе үеийн сайд нар юу хийж байсан бэ гэдэг асуудлыг хөндөж буй. Мөн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Сарангэрэл болон Т.Мөнхсайхан нар хоорондоо таагүй харилцаа үүсгээд байгаа юм. 

Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан Н.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан өөрийнх нь ажлыг авсан Т.Мөнхсайханд хандаж бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр   

"Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар нэг хэсэг халлварыг барьсан ч 4 сарын дараа тавиад туусан. Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа чааваас. Өөрийгөө мөнгө төлж магтуулж байхын оронд зуны 4 сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсаныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны 7-р сарын 9-нд ажлаа өгсөн. Одоо яг 1 жил болж байна. Жил өнгөрсөн ч өмнөхөөс болсон гэж гоншгоносоор. Цаг нь болоогүй, сэтгэлийн тэнхээгүй дээр нь хүн муутай залуучуудыг сайдаар лав тавьж болдоггүй юм байна.

Мэргэжлийн хүмүүс ухаантай юм бол алдаа байвал засаад, дутуу хүтүүгээ авчих хугацаа хангалттай байлаа. Эрүүл мэндийн салбарын жилийн төсөвтэй тэнцэх нэг их наяд шахам төгрөг засаг өгсөн. Гэтэл нэг жил юу ч хийгээгүй гэдгээ өөрсдөө зарлаад байна л даа. Шууд.мн сайт дээр өнөөдөр коронагийн одоогийн нөхцөл байдал Сарангэрэлээс болсон, бэлтгэл хангаагүй мэтээр захиалгат нийтлэл гарчээ. Бичсэн, бичүүлсэн аль аль нь ичээсэй. Ковид-ыг 10 сар барьж вакцинтай ойртуулсан гавъяа та нарынх биш, надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаалаа алдахаас айгаа биз, хүн амын дунд халдвар анх удаа гаргаад цочирдоо байлгүй гээд эхлээд буруугаа чихэхэд нь эвийлээд өнгөрөөсөн. Олон удаа давтагдахаар нь уулзаж хэлтэл манай хэвлэлийн багийнхан биччихжээ гэсэн.

За тэдэндээ хэлээрэй. Одоо надтай биш коронатай тэмц гээд гаргасан.

Жил гаруй дуугүй явлаа. Давардаг юм байна. Төрийн алба залгамж чанартай учраас би тэгсэн, миний үед хийсэн юм гэж ярьдаггүй. Намайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр өнөөдрийг хүртэл торгоож байгаа нь бодит үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол хүнээ гэсэн бодлого төлөвлөгөө, зоримог шийдвэрийн үр дүнд эрүүл мэндийн салбар анх удаа уушиг орлуулагч ЭКМО аппараттай болсон. Япон улс ПСР-ын оношлуур үйлдвэрлээд 3-хан хонож байхад Монгол улсдаа оруулж ирснээс хойш нэг ч удаа оношлуураар таслаагүй. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа. Ноцтой алдаа гаргаад суудал нь ганхаад ирэхээр бусад руу чихдэг арга чинь одоо явахгүй шүү залуус аа. !!! АМ АСУУГААД БАЙВАЛ ХЭЛЭЭД ӨГЬЕ. ТА НАРТ КОРОНАГҮЙ МОНГОЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН. ОДОО ЯМАР БАЙНА ??? "Сарангэрэлийг шалгуулъя" гэдэг давалгаа явуулах гээд та нар бас л завгүй. Халдвар нэмэгдэж, хүн нас барсаар. Үргэлжлэл бий..." гэжээ.