Ерөнхий сайд асан С.Баярыг магадлангаар суллажээ

Ерөнхий сайд асан С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон бол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал Булган аймагт болж, магадлангаар суллах шийдвэр гаргажээ. Тэрбээр Булган аймагт ял эдэлж байсан учраас ийн Булган аймгийн шүүхээр хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Тодруулбал, ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэдэг байна.