Д.Сосорбарам: Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяна

Ковид-19 цар тахал хүндэрсэн энэ үед улсын наадмыг цахимаар зохион байгуулна гэсэн нь иргэдээс ихээхэн шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл 2013, 2014 онд улсын их баяр наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ. Уг нь найруулагч дүү Н.Наранбаатар, Г.Цоггэрэл хоёрт устасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү. Хэзээч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү. Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдээ. Ингэж л зөвлөх байна даа. Бод. Тунгаа. Сайтар эргэцүүл. Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү. Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа.Би ийм л хүн. Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье. Цаг бүх талаар цөвүүн байна.Урт удаан жил туурвихаа л бод. Аав ээж, амраг хань, алагхан үрсээ хайрла аа.Бас ахиад хэлье өөрийгөө хайрла” гэжээ.