П.Дэлгэрнаран: Сонгогчийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийж, саналын хуудсыг гараар тоолно

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотой бэлтгэл ажил, авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Өнөөдөр урьдчилсан байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажил эхлээд явж байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахад СЕХ 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө. Энэ удаагийн сонгуулийн онцлог их байна. Энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна гараар 100 хувь тоолно. Мөн сонгогчийн хураан дээр бэхэн тэмдэглэгээг хийнэ.

Цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос заавар өгч ажилласан. 

Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25.619 хүнээс санал авна. Зөөвийн хайрцгаар санал авах ажиллагаа эхэлсэн. Уг хайрцгаар саналаа өгөх иргэд 18.000 орчим иргэн бий. Цар тахалтай холбоотой  эмнэлэг, тусгаарлах байр, улаан бүст байгаа 7051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авсан. Өдөрт дунджаар 7000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа.

Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 3-4 баг зөөврийн хайрцгаар санал авахаар хөдөлгөөнд оролцож байна. 1.600 орчим тээврийн хэрэгсэл, 3.200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана.

Гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулж дууссан. 7398 хүн бүртгэгснээс 5800 гаруй хүн саналаа өгсөн. 2017 оны ирцтэй харьцуулбал цар тахлын үед сонгогчид идэвхи сайтай байлаа. Цаашдаа уул уурхайн ажилчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд, байнгын хөдөлгөөнтэй оюутнуудын саналыг цахимаар авах боломжийг бүрдүүлж ажиллах нь зүйтэй байна. Энэ талаар цахим бодлогын байнгын хороонд саналаа хүргүүлсэн. 2024 он гэхэд сонгогчид цахимаар саналаа өгөх боломжийг бүрдүүлэх байх.

Санал авч дуусмагц ямар нэгэн завсарлагагүйгээр бүх хэсгийн хороодод саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Серверийн мэдээлэл санал хураалт дуусахад шууд илгээгдэнэ. Санал тоолох машиныг шалгаж дууссан" гэлээ.

мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү: 

https://www.facebook.com/Gecmongolia/videos/158312909612005