ЗГ: ХӨХҮҮЛ БОЛОН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ФАЙЗЕР ВАКЦИНД ХАМРУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдааны талаар мэдээлэл өгсөн. 

Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ.

Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэлээ. 

Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм.

Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин тариулах боломжтой. 

Улсын хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 26-ны 19.00 цагийн байдлаар вакцины нэгдүгээр тунгийн хамралт 89, давтан тунгийн хамралт  46 хувь байна. Нийслэлд нэгдүгээр тунгийн хамралт 99, давтан тунгийн хамралт 69 хувьд хүрчээ. Орон нутагт нэгдүгээр тунгийн хамралт 81, давтан тунгийн хамралт 26 хувьтай байна.