С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноолоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020.07.17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэв.

эх сурвалж: buzznews.mn