Тархины шигдээс, артерийн нарийслын мэс заслын төлбөрийг ЭМД-ын сан 100 хувь хариуцна

2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багцууд шинэчлэгдэн нийт 11 төрлийн багц тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхэлсэн. Энэ удаад Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг танд хүргэж байна.

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд нийт 490 оношийн бүлэг багтаж байгаа бөгөөд оношоос хамаарч тусламж, үйлчилгээний төлбөрийн 70-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг боллоо. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн бүх насны иргэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 2463 байгууллагаар үйлчлүүлж, даатгалын хөнгөлөлтөө эдлэх боломжтой.

Тухайлбал, тархины шигдээс, тархины артерийн нарийслын мэс заслын эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцна. Уг мэс засалын төлбөр 11 сая төгрөг бөгөөд иргэнээс 10 төгрөг ч гаргахгүй юм. Ингэснээр даатгуулагч иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүгийн эрсдэлд орохоос хамгаалсан эрх зүйн зохицуулалт орсон байна.

Мөн иргэдэд түгээмэл тохиолддог зүрхний хэм алдагдлын эмчилгээний төлбөрийн 85 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлөх юм. Тодруулбал тус эмчилгээний нийт төлбөр 580.000 төгрөг байдаг. Тэгвэл эмчилгээний төлбөрийн 85 хувь буюу 493.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах бол 15 хувь буюу 87.000 төгрөгийг даатгуулагч хариуцна.