Х.Амгаланбаатар: Нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цар тахлын үеийн хатуу хөл хорио тогтоогоод хэд хонож байна. МҮЭХ эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ эрх ашгийг байнга, тогтмол хамгаалах төлөөллийн үүрэгтэй байгууллагын хувьд цар тахлын дэглэмийг барьж, цөөн тооны ажилтнаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Ирэх сарын 1-н буюу энэ бямба гарагт хөдөлмөрчдийн эв санааныг нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо.

Цар тахлын хөл хорионы үед иргэд ажилгүй, орлогогүй, хүнд үед төрийнхөө шийдвэрийг дагаж, гэрээсээ ажлаа хийж байна. Гэтэл хүнд ачааны хажуугаар багахан цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл нэрээр 2021.01.01-нээс 2 хувиар нэмэгдүүлсэн УИХ, Засгийн газрын шийдвэр дэндүү хүнд байгаа гомдол он гараад тасралтгүй ирж байна. 

2021.02.25-нд МҮЭХ-ны санал санаачлагаар хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн үндэсний 3 талт хороо хуралдаж НД-ын нэмэгдүүлсэн шимтгэлийг нэн даруй цуцлах холбогдох 2017 оны нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдахаар болсон.  Үүнээс хойш 2 сар гаруйн хугацаанд ажлын хэсэг хуралдаж, шийдвэрээ гаргасангүй. Иймээс МҮЭХ-ны гишүүд цахимаар эсэргүүцлийн тэмцлийн үйл ажиллагаа явуулж байгаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэгдүүлсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар нэн даруй цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлж байна. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлж байна" гэлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү

https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/747145839308128